Ди Каприогийн продюсерлосон баримтат киног YouTube-д байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-11-02 11:26:01

ВАШИНГТОН. /CNN/. Леонардо ди Каприо-гийн продюсерлосон уур амьсгалын өөрчлөлтийн талаар өгүүлэх “Before the flood” буюу “Үерийн өмнө” гэдэг баримтат киног “National Geographic” суваг YouTube сувгаар цацахаар болжээ.  Энэ нь технологи гэдэг зүйл цаг үргэлж өөрчлөгдөж, хувьсаж буй энэ үед хэрэглэгчдийн хөгжим, ном, кино зэрэгт хандах хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой аж.

Уг киног YouTube сувгаар үнэгүй цацах болсон өөр шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд тодорхой ойлголт өгөх үйл ажиллагаанд “National Geographic” суваг оролцож байгаатай холбоотой юм. 

Тус сувгийн гүйцэтгэх захирал Кортни Монро ярихдаа “өнөөдөр манай гараг дээр уур амьсгалын өөрчлөлтөөс илүү ноцтой асуудал алга. Түүхэн хүүрнэлийн хүч дэлхийг өөрчилж чадна гэдэгт бид итгэдэг бөгөөд тиймээс ч урьд өмнө байгаагүй хэлбэрээр буюу интернэтээр дүрс бичлэгийг цацаж байгаа нь манай сүлжээний хувьд төдийгүй манай салбарт анхдагч болж байна” гэжээ.   

Ди Каприо-гийн баримтат киног YouTube-ээр үнэгүй цацахаас гадна “Facebook”, “Twitter”, “Playstation”, “Apple” болон “Hulu”-гаар мөн 11 дугаар сарын 6-ныг хүртэл үнэгүй цацах ажээ.

“Хүн төрөлхтний ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөөс илүү аюул тарих зүйл одоогоор алга. Удахгүй болох сонгуульд саналаа өгөх сонгогчид энэ асуудлыг хамгийн ихээр анхаарах хэрэгтэй” гэж Ди Каприо хэлсэн байна.

Уг баримтат киног алдарт жүжигчин Фишер Стивенс найруулсан бөгөөд кинонд уур амьсгалын эрс өөрчлөлт болон эх дэлхийдээ цаашид өөр ямар нэгэн хор хөнөөл учруулахаас сэргийлэх талаар өгүүлдэг ажээ.

Уг кинонд Ди Каприо уур амьсгалын  өөрчлөлтийн талаар ярилцахаар АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон болон Ромын пап Франциск нартай уулзаж буйг харуулдаг байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ