Элчин сайд Ричард Буанган Увс аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-24 16:48:55

Улаангом. 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймагт ажлын айлчлал хийж байна.


Түүнийг дагалдан ЭСЯ-ны олон нийттэй харилцах алба, улс төрийн хэлтэс, худалдаа, эдийн засгийн хэлтэс, Энхтайвны корпусын орон хариуцсан захирал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.


Элчин сайд дагалдан яваа хүмүүсийн хамтаар аймгийн удирдлагуудтай уулзсанаас гадна Увс аймгийн Нийтийн номын сан дахь Америкийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, тус төвийн сургалтад хамрагдаж байгаа хүүхэд багачуудтай ярилцаж, санал бодлыг нь сонслоо.


Мөн АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Улаангом сумын 10 дугаар багт барьсан 13-р цэцэрлэг болон Боршоо боомтын үйл ажиллагаатай танилцсан юм.


АНУ-ын ЭСЯ-ны зүгээс цаашид Увс аймагт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г сайжруулах төсөл хэрэгжүүлж, төрийн  албан хаагчдын чадавхыг сайжруулах, Америкийн туршлагаас суралцах, сурагчдад зориулсан англи хэлний Access хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг илгээн ажиллуулах, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ. 



Холбоотой мэдээ