Бээжингийн Олимпын медальтнууд сэргээшийн давтан шинжилгээнд “бүдэрчээ”.

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-10-27 12:05:42

МОСКВА./TASS/. Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2008 оны Бээжингийн Олимпын наадамд оролцсон 9 тамирчны үзүүлсэн спортын амжилтыг хүчингүй болгожээ. Учир нь, эдгээр тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний сорилыг дахин шалгахад хориотой бодис илэрсэн байна.

Тэдний зургаа нь Олимпын медальтнууд байжээ. Тодруулбал, 3000 м-ийн саадтай гүйлтэд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчин Екатерина Волкова, чөлөөт бөхөөр мөнгөн медаль авсан Узбекистаны тамирчин Сослан Тигиев, Украины эмэгтэй хүндийг өргөгч Ольга Коробка /мөнгөн медаль/, Беларусийн эмэгтэй хүндийг өргөгч Анастасия Новикова /хүрэл медаль/, Беларусийн эрэгтэй хүндийг өргөгч Андрей Рыбаков /мөнгөн медаль/, Казахстаны хүндийг өргөгч Таймураз Тигиев /мөнгөн медаль/ нараас авсан сэргээшийн шинжилгээний сорилыг дахин шалгахад туринабол, станозолол гэсэн хоёр төрлийн хориотой бодис илэрсэн байна.

Сэргээшийн давтан шинжилгээнд хамрагдсан 98 тамирчин “шалгалтад бүдэрсэн” ажээ. Энэ удаад Бээжингийн болон Лондонгийн Олимпын тоглолтуудад оролцсон 1243 тамирчнаас авсан сэргээшийн шинжилгээний  сорилыг дахин шалгасан байна. Гуравдахь болон дөрөвдэх удаагийн давтан шинжилгээг удахгүй хийх аж.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ