Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8, /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эрхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээн өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнийг Б.Чимид
сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын шатрын холбоо, Монголын хуульчдын
холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, “Цогц-Эрх
партнерс” компани хамтран зохион байгуулав.
“Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” сэдвийн дор 16 дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээний зорилго нь хуулийн байгууллагууд, тэр дундаа хуульчдын дунд шатарын спортыг хөгжүүлж, тэдний оюуны хүч, авьяасыг нь сорихоос гадна чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.
Тэмцээнийг нээж Монголын Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан хэлэхдээ, жил бүр болдог уг тэмцээнд оролцогч шатар сонирхогч хуульчдын тоо нэмэгдэж, хүрээгээ тэлж байгааг дурдав. Тэрбээр Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Б.Чимид гуай өөрөө шатар ихэд сонирхдог байсныг дурдаад Чимид сан шатрын тэмцээнийг зохион байгуулах сайхан уламжлалыг тавьсан болохыг онцлов.
Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар тэмцээний хүрээг улам бүр тэлж эрэгтэй, эмэгтэй ангиллаар явуулдаг болохыг зорьж буйгаа тодотгосон юм.
Б.Чимидийн нэрэмжит 16
дахь удаагийн тэмцээний нэгдүгээр байрт Г.Идэрбаатар, хоёрдугаар байрт Ц.Мөнхбат,
гуравдугаар байрт Г.Алтан-Оч шалгарав. Харин тусгай байрын шагналыг Л.Нямсүрэн,
А.Уламбаяр,С.Эрдэнэпүрэв нар хүртсэн юм.