УВС: Мэс заслын тасгийг иж бүрэн засварлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны
нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийг иж бүрэн
засварлаж, ашиглалтад хүлээн авлаа.
Нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар давхарт байрлах тус тасгийн
бүх өрөөний хаалгыг үйлчлүүлэгчийг харах цонх бүхий PVC хаалгатай болгож,
цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулан, дуу
чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг нь бүрсэн
байна.
Эмч нарын өрөөг бүрэн засварлаж, сувилагчийн пост болон эм тарианы хэсгийг нэг байрлалд оруулан тохижуулснаас гадна тус тасгийн цахилгааны бүх төрлийн утас, монтаж тоноглолыг шинэчилж, нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий дөрвөн шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц зэргийг хийсэн байна.
Мэс заслын тасаг нь нийт 29 ортой бөгөөд бүх ор нь
хананаасаа хүчилтөрөгчийн аппараттай
холбогдох боломжтой болжээ.