УВС: The Hu хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны наймдугаар сарын 01 /МОНЦАМЭ/. Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100
жилийн ойн баяраар The Hu хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаангом хотноо хүрэлцэн ирж, тоглолтоо хийлээ.
Тус хамтлагийн тоглолтыг
үзэхээр олон мянган шүтэн бишрэгчид нь Увсын цэнхэр хязгаарыг зорьж иржээ.
Өчигдөр орой болсон тус тоглолтоор Цэнгэлдэх хүрээлэнд хөл гишгэх зайгүй, пиг дүүрэн
үзэгчтэй байлаа.
Увс дахь
тоглолтынхоо өмнө The Hu хамтлаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн
хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн
юм.
Усны
тунгалаг долгион адил айзам нугалаа, ая донжоороо ард түмний сэтгэлд хоногшсон
БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө “Ойрад” ХЖТ-ын өмнө сүндэрлэсэн билээ.
Уран
барималч Ж.Түмэнчулууны урласан эл хөшөө нэрт дуучны торгон нугалаа, донж
маягийг илтгэх мэт нарийн хийцлэл шингээсэн нь олны магтаалыг хүртээд байгаа
юм. Ийм ч учраас Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг өнгөлж буй
онцлох бүтээн байгуулалтуудын нэгээр нэрлэгдээд байна.
Хорьдугаар
зууны нэрт дуучны эл хөшөөнд өдгөө хүннү рок урсгалаар дэлхийг донсолгож буй
The Hu хамтлаг хүндэтгэл үзүүлсэнд Увсын ард түмэн талархаж байв.
Энэ үеэр тус хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан”
одонт Б.Дашдондог хүүхэд насандаа дууг нь
сонсож, бүтээл юуг нь бахдан шимтэж явсан агуу уран бүтээлчийнхээ хөшөөнд
нутагт нь ирж, хүндэтгэл үзүүлж буй минь том завшаан хэмээн
онцлов.
Энэхүү бүтээлийг санаачлагчдын нэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, 3.5 метр өндөр уг хөшөө 3000-5000 жилийн насжилттай гэж танилцууллаа.