СҮХБААТАР: "Мөнхийн цагаан саам" хоршоо өдөрт 100 гаруй литр сүү борлуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-09 13:51:42

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг "Мөнхийн цагаан саам" хоршоо сүүний чиглэлийн 20 үнээтэй. Үнээгээ гар аргаар, өдөрт хоёр удаа сааж, 100 гаруй литр сүү борлуулдаг.


Зуны цагт сүүгээ өөрсдөө боловсруулж, олон төрлийн цагаан идээ үйлдвэрлэдэг бол өвөлдөө албан байгууллагууд болон дэлгүүрүүдэд захиалгаар нийлүүлдэг байна. Богино хугацаанд хэдийн өөрийн гэсэн үйлчлүүлэгч, захиалагчтай болжээ.



А.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сараас хойш өөрийнхөө сонирхлоор үнээний фермер ажиллуулж эхэлжээ. Анх өрхийнхөө хэмжээнд долоон үнээ сааж сүү, цагаан идээ боловсруулан борлуулдаг байсан туршлагаараа энэ фермерээ байгуулсан байна. Ингэхдээ улс даяар хэрэгжиж байгаа Шинэ хоршоо хөдөлгөөнийг судалж, "Мөнхийн цагаан саам" хоршоогоо байгуулан хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Хар тарлан, алатау, семинтал үүлдрийн үнээнүүдтэй. Бяруу, бух нь нийлээд 30 давна.


Тугалан бярууг нь худалдан авах сонирхолтой хүмүүс их байдаг ч А.Мөнх-Эрдэнэ зарах сонирхолгүй. Харин ч илүү өсгөн үржүүлж, тоо толгойг нь нэмэх сонирхолтой. Учир нь цаашид ч дан энэ чиглэлээрээ ажиллаж хоршоогоо илүү өргөжүүлэхийг хүсдэг. Байгуулагдаад удаагүй ч төр засгаас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо, Хүнсний хувьсгал зэрэг зөв бодлого, бодит дэмжлэг залууст олон боломжийг нээж өгч байгааг тэрээр ярилааа. 



Эдний хоршоо таван өрхийн 11 гишүүнтэй. Хоёр өрх нь хоршоо дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 90 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Тус хоршоог байгуулснаар зургаан иргэн тогтмол ажлын байртай болсон байна.


Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 гаруй хоршоо бий. Үүний 200 гаруй нь Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шинээр байгуулагджээ.  

Холбоотой мэдээ