Израилын Батлан хамгаалахын сайд Вашингтонд хийх айлчлалаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-09 10:49:56

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 9 /VOA/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Вашингтонд хийх айлчлалаа цуцалсан тухай Пентагон лхагва гарагт мэдээлжээ. 


Израил, Ираны хооронд үүсээд буй хурцадмал байдал даамжирч буй үед айлчлалыг гэнэт цуцаллаа. Өнгөрсөн долоо хоногт Иранаас Израил руу энэ онд хоёр дахь удаагаа пуужин харвасан бөгөөд Израилын эрх баригчид Иранд хэрхэн хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж байгаа юм.  


Галлант айлчлалаа яагаад цуцалсныг Пентагон дурдаагүй бол Нетаньяху, Галлант нарын ажлын албад тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Батлан хамгаалахын сайд Галлант Вашингтонд хийх айлчлалаа хойшлуулснаа бидэнд дөнгөж сая мэдээлсэн" гэжээ. 


Израилын мэдээллийн “Ynet” агентлагийн мэдээлснээр, АНУ-д айлчлах үеэрээ Иранд хариу цохилт өгөх асуудлыг хэлэлцэнэ гэж Галлант найдаж байсан боловч түүнийг Вашингтон руу мордохоос хэдхэн цагийн өмнө Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай утсаар ярих хүртэл сайд хүлээх хэрэгтэй гэж үзэж, айлчлалыг хойшлуулжээ.


Байден өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдэхдээ, Израилын эрх баригчид Иранд хэрхэн хариу арга хэмжээ авахаа хараахан шийдээгүй байна гэж үзэж байгаагаа дурдаад, хэрвээ би тэдний оронд байсан бол Ираны газрын тосны орд газруудад цохилт өгөхөөс өөр хувилбарыг авч үзэх байсан гэж нэмж хэлсэн байна.


Мягмар гарагт Ираны эрх баригчид Израильд хандан хариу цохилт өгнө гэж сүрдүүлэхгүй байхыг анхааруулжээ. Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ, Ираны дэд бүтцэд халдсан тохиолдолд хариу цохилт өгнө гэсэн бол Ираны өндөр албан тушаалтан хэрэв Булангийн орнууд агаарын орон зайгаа Ираны эсрэг ашиглахыг зөвшөөрвөл хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.


Харин барууны гүрнүүд зөрчил мөргөлдөөн газрын тос олборлогч Ойрх Дорнод бүс нутагт хямрал үүсгэж болзошгүй гэж болгоомжилж, дипломат шийдэл хайж байна.

Холбоотой мэдээ