ФИФА хөлбөмбөгийн хөгжилд 4 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 11:23:59

ЦЮРИХ. /TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх 10 жилд ФИФА-гийн гишүүн холбоодод дөрвөн тэрбум доллар олгоно гэж ФИФА-гийн Зөвлөлийн уулзалтын үеэр өргөн барьсан үйл ажиллагааны чиглэлд дурджээ.

Хөлбөмбөгийн спортыг хэрхэн үр дүнтэйгээр хөгжүүлж, хөгжөөн дэмжигчид болон тоглогчдын мэдрэмж туршлагыг сайжруулах, хүчирхэг байгууллага болгоход чиглэсэн “ФИФА 2.0: Ирээдүйн төлөөх алсын хараа” гэдэг нэртэй үйл ажиллагааны чиглэлийг ФИФА түүхэнд анх удаа гаргалаа гэж тус холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв.

“Хөмбөмбөгийн спортын цар хүрээг тэлэх, хөгжүүлэх, дэлхий дахинд илүү утга учиртай болгох асар их боломжийг олгож байгаа цаг үед бид амьдарч байна. Хөмбөмбөгийг дэмжиж, түүний эв нэгдлийг хамгаалан, хүн бүхэнд хүргэх нь бидний ирээдүйн үйл ажиллагааны чиглэл юм. Эдгээр чиглэлийг гурван хэсгээс бүрдэх стратегийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх болно. "Хөлбөмбөгийн спорт, тоглогчид болон ирээдүйд хөрөнгө оруулалт хийх", "тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн мэдрэмж туршлагыг сайжруулах санаачилга гаргах", "уг спортыг таниулахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх" гэсэн гурван стратегийг баримтлан ажиллана. Ингэснээр бид хөлбөмбөг болон хэдэн тэрбум хөгжөөн дэмжигчдэдээ өгсөн амлалтаа биелүүлэх боломжтой болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ