Арабын орнуудын эвсэл дахин хуримын ёслолыг бөмбөгджээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-08 13:36:17

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Йеменд ажиллагаа явуулж байгаа Саудын Арави тэргүүтэй эвслийн Агаарын цэргийн хүчний онгоцууд лхагва гарагт дахин хуримын ёслолд хоёр удаа цохилт өгчээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 15 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.

Агаарын цохилтыг Дамар мужийн нутгийн хоуситуудын ахлагчдын нэгийнх нь байшинд өгсөн байна. Яг энэ үеэр хуримын ёслол болж байжээ.

Урьд нь Саудын Арави тэргүүтэй эвсэл есдүгээр сарын 28-нд Йемений баруун өмнөд нутагт болж байсан хуримын үдэшлэгийг бөмбөгдөж, 130 гаруй хүний аминд хүрсэн юм.

Арабын орнуудын эвсэл Йемений эмнэлгийн 15 байгууллагад хохирол учруулсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тус улс дахь төлөөлөгчийн газрын дарга Ахмед Шадул лхагва гарагт мэдэгджээ. Гэвч тэрбээр эмнэлгүүдэд хэдийд цохилт өгснийг мэдээлээгүй байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, есдүгээр сарын 29-ний байдлаар эвслийн өгсөн агаарын цохилтын улмаас 2355 энгийн иргэн амиа алджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ