Хөдөлмөр хамгааллыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-11 16:19:03

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдоржийг хүлээн авч тулгамдаж буй асуудлууд, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж МҮЭХ-ны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм. МҮЭ-ийн холбоо нь эдийн засгийн хүндрэлийг иргэд хөдөлмөрчдөд хохирол багатай, богино хугацаанд даван туулахад нэн тулгамдаж буй цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл, ажлын байрыг хадгалж хамгаалах, Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, нийгмийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлсэн юм. Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нийгмийн өргөн зөвшилцөл буй болгож бүх төвшинд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар гурав ба хоёр талт гэрээ, хэлэлцээр байгуулж ирэх онуудад хамтарч ажиллах юм байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат:-“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа бүрэн дэмжиж хамтарч ажиллана. Энэ хүрээнд 2017 онд ОНХС-ийн төсөл хөтөлбөрөөс нийгмийн түншлэлийг сайжруулах чиглэлд 10 сая төгрөг төсөвлөнө” гэв.

Мөн сарын аяныг зохион байгуулж Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтарсан хэлэлцүүлэг хийх, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, ҮЭХ-ны төлөөлөл бүхий ажлын хэсэг гаргаж төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад Засаг даргын нэрэмжит шалгалт явуулах зэрэг иргэд, ажиллагсадын хөдөлмөр, нийгмийн хамгааллын нөхцлийг сайжруулах асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ