“Тэмүүлэл” бүлгийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусчээ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-10-08 15:15:20

Дархан хотын 7 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл-1” бүлгийг 2015-2016 оны хичээлийн жилд нээсэн. Харин энэ жил “Тэмүүлэл-2” бүлгийг нээж байна.

БНТУ-ын “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах нийгэмлэг”-ийн буцалтгүй тусламж болох 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус 7 дугаар цэцэрлэгийн агуулахын хоёр өрөөг засварлаж “Тэмүүлэл-2” бүлэг болон Сэргээн заслын төвийг нээхээр болсон. Энэхүү хоёр өрөөний хуучин барилгыг нурааж хоёр метрээр өргөтгөх барилгын угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт хүлээлгэж өглөө. 

Барилгын ажилд 36 мянган ам.доллар зарцуулж гүйлтийн зам, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, сандал ширээ, хивс, тоглоом зэрэг шаардлагатай 17 мянган ам.долларын тоног төхөөрөмж тохижилтын ажлыг ойрын хугацаанд хийх тухай ТИКА-ийн төлөөллүүд хэлж байв. Эдгээр тоног төхөөрөмжүүд ирснээр бүлгийн болон “Сэргээн засах төв” ажиллаж эхэлнэ.

Ийнхүү “Тэмүүлэл-2” бүлгээс гадна “Сэргээн заслын төв”-ийг бий болгосноор аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд уг төвөөр үйлчлүүлж хэл засал, ахуй засал, хөдөлгөөн засалд хамрагдах боломжтой болно. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 12 нь “Тэмүүлэл-1” бүлэгт хамрагдсанаар бие болон оюуны хөгжил сайжирч эцэг эхчүүд нь ч ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бий болсон зэрэг олон эерэг үр дүн гарсан тул тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл-2” бүлгийг нээж мөн 12 хүүхдийг хамруулахаар болсон тухай тус цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргал ярилаа.

                                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ