Бяцхан уран гимнастикчдын улсын уралдаант үзлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
uranatuya@gmail.com
2024-05-25 16:52:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Хамтдаа хичээе” нийтийн биеийн тамирын үндэсний аяны хүрээнд өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн улсын уралдаант үзлэг боллоо.


Улсын уралдаант үзлэгийн хүндэт зочдоор, Биеийн тамир спортын улсын хорооны дарга О.Баттулга, Олон улсын гимнастикийн холбооны Техникийн хорооны гишүүн, Азийн гимнастикийн холбооны дарга, Япон улсын иргэн Араки Тацуо, Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар уригдан оролцов.



БТСУХ-ны дарга О.Баттулга,Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь энэхүү цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн уралдаан. Манай тамирчид шинэ цагийн зуун жилийнхээ түүхийг бүтээлцэхдээ нийтийн биеийн тамирын чиглэлээр маш их санаачилгатай, идэвх оролцоотой байж ирсэн” гэлээ.


Олон улсын гимнастикийн холбооны Техникийн хорооны гишүүн, Азийн гимнастикийн холбооны дарга, Япон улсын иргэн Араки Тацуо, “Ирэх есдүгээр сард Улаанбаатарт Азийн “Гимнастрада” фестиваль болно. Энэ удаад би "Буянт-Ухаа" спорт ордонд болох тэрхүү фестивалийн бэлтгэл ажлаар Монголд ирсэн. Спортын энэ сайхан ордонд гадаадын тамирчид үзүүлбэрээ үзүүлэхдээ баяртай байх болно гэж би бодож байна. Олон улсын тэмцээн боловч цар тахал дууссан учир зочид буудал болон онгоцны билетийн үнэ өссөнтэй холбоотойгоор оролцох багийн тоо цөөн байна. Гэсэн ч нэлээн өндөр түвшний, сайн багууд оролцоно. Монголын баг тамирчид оролцохоос гадна Япон, Өмнөд Солонгос, Дани, Герман, Малайзын багууд ирнэ. Бразил, Азербайжаны баг ч ирж магадгүй. Тиймээс монголчуудыг олноор ирж, дэлхийн дээд түвшний гайхамшигт уран үзүүлбэрүүд үзээсэй гэж хүсэж байна. Гимнастикийн өрсөлдөөнт тэмцээн, уралдаан биш бөгөөд алт, мөнгө, хүрэл медаль олгохгүй. Хүссэн хэн бүхэн оролцож болно. Тиймээс хүүхдүүдээс эхлээд ахмад настнууд ч хамрагдаж болох наадам болно” гэлээ. 


Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монголын гимнастикийн холбооны шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу “Гимнастик - 2042” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү уралдаант үзлэгийг зохион байгуулсан юм. Гимнастикаар дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, соёл, хүмүүжил, боловсрол, сургалтын чанар, түүний үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ уралдаанд нийслэл дүүрэг, аймаг сумдын 233 цэцэрлэгийн 7 мянга орчим хүүхэд оролцсон юм.

Харин шигшээ тэмцээнд шалгарсан 10 цэцэрлэгийн хүүхдүүд энэ удаад уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэрээ үзүүллээ. Эдгээр хүүхдүүд ирэх есдүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд болох Азийн "Гимнастрада" фестивальд оролцох эрхтэй болж байгаа юм. Улаанбаатар хотноо болох уг фестивальд гадаадын зургаан орны гимнастикчид оролцох юм.





Улсын уралдаант үзлэгийн шүүгчээр, ОУХМ, Улсын шүүгч Ш.Оюунчимэг, ОУХМ, Улсын шүүгч Ж.Чулуунцэцэг, Олон улсын шүүгч, Спортын мастер Д.Түмэнтөгс нар ажиллалаа.


Монгол иргэнийг бага балчир наснаас нь хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, урам зоригийг бадраахад уралдаант үзлэгийн зорилго оршиж байв. 





Холбоотой мэдээ