“Орос Баяр” үзэсгэлэнг олны хүртээл болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-15 19:35:29

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, уран зургийн мастер Г.Баярын “Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн их танхимд өнөөдөр дэлгэлээ.  


Энэхүү үзэсгэлэн 1994 онд зохион байгуулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээс хойш 31 жилийн дараа олны хүртээл болж байгаа юм. Үзэсгэлэнд Уран зургийн галерейд хадгалж буй 30 гаруй бүтээлээс 15-ыг нь, мөн гэр бүл, хувь хүмүүсийн хадгалж байсан бүтээлээс дэлгэжээ. Архангай аймгийн Булган сумд төрж өссөн уран бүтээлчийг орос царай төрхтэй болохоор нутгийн ард түмэн нь "Орос Баяраа" хэмээн дууддаг байсан тул үзэсгэлэнг ийн нэрлэжээ. 


Монголын Урчуудын Эвлэлийн хороо, Уран зургийн галерей, зураачийн шавь, гэр бүлийнхэн хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүү Б.Энхбаатар нь дурсамжаа хуваалцахдаа, “Аав минь маш нийтэч, урлаг соёлынхонтой нас харгалзахгүй дотно нөхөрлөж явсан. Манай гэрт нэр алдартай олон зохиолч, яруу найрагч, уран бүтээлч ирж, ярилцаж суудаг байлаа” гэсэн юм. 


Уран зургийн мастер Г.Баяр И.Репиний академид 1968 онд диплом хамгаалахдаа Оросын агуу яруу найрагч А.С.Пушкинийг монгол газар нутагт хөл нүцгэн зогсож буйгаар зурсан байдаг. Тухайн үедээ хөл нүцгэн гишгүүлж зурсан хэмээн зэмлүүлж байсан ч дипломоо онц хамгаалжээ. Болгарын зургийн сургуулийг дүүргэсэн хүү Б.Амараа аавынхаа хамгийн сүүлд, 1993 онд зурсан “Улаан морь” зургийн хуулбарыг нь үзэсгэлэнд дэлгэжээ. Энэ бүтээлийн эх хувь нь Япон Улсад байдаг аж. 


МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Х.Пүрэвжав ярихдаа, "МУБИС-д Г.Баяр багшийн ангид 1971 онд сурч байлаа. Залуу багш, уран бүтээлчид ихийг олж харах, сурах нөхцөл бүрдүүлэхээр гэр бүл, хүүхдүүдтэй нь ярилцаад үзэсгэлэнг гаргасан. Багшийн бүтээлүүдээс алга болсон зураг олон бий. Үзэсгэлэнд бүтээлийнх нь гуравны нэгийг л дэлгэлээ. Маш олон зураг үлдсэн. И.Репиний академийг 1960-аад онд төгссөн түүний школ уран бүтээлд нь шингэж үлдсэнээрээ онцгой юм" хэмээв.


"Орос Баяраа" үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. 







 

Холбоотой мэдээ