Боксын ДАШТ-д оролцох монголын 10 боксчны найм нь тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсаас боксын ДАШТ-нд эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Их Британийн Ливерпүүл хотод есдүгээр
сарын 4-14-нд болох тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа
нэг дор зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 10 тамирчин оролцоно.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.
Түүнчлэн
эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд дөрвөн тамирчны дунд энэ сарын 20-нд
сорил явуулж, ялагчид тус тэмцээнд оролцох эрх олгох юм.
Монголын
боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг
1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон
медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д
хүрэл) нар юм. Харин хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин П.Сэрдамба
(Милан-2009-өөс алт, Баку-2011-ээс хүрэл), гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
(Милан-2009-өөс хүрэл, Алматы-2013-аас хүрэл) нар хос медальтан болж байжээ.