“Геннисийн амжилт”-ын эзэн эгч дүү хоёрт хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-14 18:02:15

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь тус музейн удирдлагууд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг хүлээн авч, дурсгалын зүйлс гардууллаа. 

Музейн “Монгол бахархал”-ын танхимдаа  хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Геннисийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн. Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэснийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухал үзмэрүүд болгон 

Монгол Улсын гавьяат тамирчин, төрсөн эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.

Энэ үеэр тэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс "Чингис хаан" үндэсний музейн "Монгол бахархал"-ын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байна” гээд цаашдаа амжилтаа ахиулж Монголын Улсынхаа нэрийг дуурсгах болно гэдгээ хэллээ.


Н.Мөнхшүрийн амжилт:

Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, МУГТ Н.Мөнхшүр Ой тогтоолтын спортын 26 жилийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн хошой аварга юм. Тэрбээр 2017 оны 26 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг цагийн хугацаанд багц хөзөр цээжлэх төрөлд нийт 37 багц хөзөр буюу 1924 хөзөр цээжлэн алдаагүй санаж, Геннисийн номд бичигдсэн бөгөөд нийлбэр оноогоор бүх насны ангиллыг тэргүүлж, хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. 2021 онд энэхүү амжилтаа дахин бататгаж, 30 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн Хошой аварга болсон. Ой тогтоолтын улсын болон тив дэлхийн, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр, хоёртын тоолол, тооны марафон, зураг зэрэг оюуны спортын төрөлд нийт 12 удаа дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд ой тогтоолтын спортын Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Олимпын аварга болсон юм.


Н.Энхшүрийн амжилт:

МУГТ, Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Н.Энхшүр ой тогтоолтын спортын хамгийн том цол болох “Олон улсын их мастер” хэмээх цолыг хамгийн богино хугацаанд буюу ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд 6 сарын дотор хүртсэн дэлхийн хамгийн анхны тамирчин юм. Ой тогтоолтын улсын болон тив дэлхий, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр цээжлэх төрөл , хоёртын тоолол, тооны марафон, зураг зэрэг оюуны спортын төрөлд улсын болон дэлхийн 10 гаруй рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр 2017 оны 26 дахь Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаар Геннисийн номд бичигдсэн бөгөөд ой тогтоолтын спортын Улсын дэд аварга, Ази тивийн дэд аварга, Оюуны Олимпын мөнгөн медальт тамирчин юм.



 

Холбоотой мэдээ