БНХАУ-д шумуулаар дамждаг халдвар бүртгэгдэж буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-08-15 11:53:43

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед БНХАУ-ын Гуандун мужийн Фошань, Гуанжоу, Жаньжян зэрэг хотод чикунгуняа вирусний халдварын тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан Гуандун мужийн Эрүүл мэндийн хорооноос халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтэд идэвхтэй түгээж байна.


Чикунгуняа вирус нь хүнээс хүнд шууд халдварлахгүй, шумуулаар дамждаг. Вирусээр халдварласан тохиолдолд өндөр хэмтэй халуурах (38.5°C ба түүнээс дээш), булчин болон үе мөч, толгой өвдөх, ядрах, арьс туурдаг. Зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих гэх зэрэг шинж тэмдэг илэрч, ихэнх өвчтөний шинж тэмдэг 7 хоногийн дотор намддаг.


Одоогийн байдлаар урт хугацааны ноцтой үр дагавар илрээгүй ч өвчтөнүүдийг эдгэрсний дараа эмнэлгийн хяналтад авч байна. Мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйУг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд урт ханцуйтай цамц өмсөх, шумуул үргээгч хэрэглэх, цонх хаалганд тор суурилуулах, тогтсон усыг цэвэрлэж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй.


Иймд БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих гэж байгаа тохиолдолд энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг тус улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулав.

 

Холбоотой мэдээ