“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-08-15 16:15:38

САН-ФРАНЦИСКО, 2025 оны наймдугаар сарын 15 /AFP/. Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед YouTube платформ насанд хүрсэн мэт дүр эсгэж байгаа хэрэглэгчид нь хүүхдүүд мөн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ.


Google-ийн эзэмшдэг YouTube”-ээс гадна Instagram, TikTok зэрэг нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийг насанд хүрэгчдэд зориулсан контентоос хамгаалж байгаа эсэх талаарх хяналт шалгалтад өртөж буй энэ үед хиймэл оюуныг ашиглаж байна.


YouTube Youth-ийн бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Жеймс Бесерийн хэлснээр, машин сургалт гэж нэрлэгддэг хиймэл оюун ухааны хувилбарыг үзсэн дүрс бичлэгийн төрөл, хаяг нээснээс хойших хугацаа зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход ашиглах ажээ. Бид энэ аргыг бусад зах зээлд хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүн сайтай байсан” гэж тэрбээр нэмж хэллээ. 


Нас тооцоолох загвар нь хэрэглэгчийн насыг тооцоолох технологийг сайжруулсан гэж YouTube мэдэгджээ. Технологийн фирмийн мэдээлснээр, YouTube өөрсдийг нь насанд хүрээгүй гэж үзвэл тухайн хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд ингэснээр зээлийн карт, селфи зураг эсвэл иргэний үнэмлэхээр өөрийн насыг баталгаажуулах боломжийг олгоно. Нийгмийн сүлжээний платформууд "хүүхдүүдийг хамгаалж чадахгүй байна" гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн билээ. 


Австралид удахгүй хэрэгжиж эхлэх нийгмийн сүлжээний тухай шинэ хуулийн дагуу 16-гаас доош насны хүүхдүүдийг YouTubeнэвтрэхийг хориглоно гэж салбарын сайд өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Ирэх 12 дугаар сарын 10-наас хэрэгжих уг хууль нь нийгмийн сүлжээний платформуудад тавьсан дэлхийн хамгийн хатуу шаардлагуудын нэгд тооцогдож байна. Энэхүү хуулийг бусад улс орнууд анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үүнтэй төстэй хоригийг хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна.

 

 


Холбоотой мэдээ