Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-15 10:45:57

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны улмаас 46 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болсон тухай холбогдох албаныхан пүрэв гарагт мэдээлжээ. Ингэснээр Хималайн нуруунд сүүлийн долоо хоногт хоёр дахь удаагаа гамшиг нүүрлэлээ. 


Мөргөлчдийн олноороо зорчдог чиглэлийн нэгэн зогсоол болох Киштвар дүүргийн Часоти тосгонд байгалийн гамшигт үзэгдэл  нүүрлэжээ. Хималайн нурууны Уттаракханд мужийн нэгэн тосгон бүхэлдээ үер ба хөрсний нуралтад өртсөнөөс хойш долоо хоног өнгөрч байгаа юм.


Үерийн улмаас нийтийн гал тогоо, хамгаалалтын цэг, мөн Махаил Мата сүм рүү мөргөл үйлдэх зам дагуух зогсоол урссан байна. Нэрээ нууцалсан албаны хүний хэлснээр, үдийн хоол идэхээр цугларсан байсан олон мөргөлч үерт автаж урсжээ. 


Энэтхэгийн Жамму ба Кашмирын холбооны нутаг дэвсгэрийн тэргүүн сайд Омар Абдулла Х хуудсандаа мэдээлэхдээ, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгаас үнэн зөв, баталгаатай мэдээлэл удаашралтай ирж байна гэв. Тосгон усанд автах үед мөргөлчид айсандаа уйлж байгаа нь телевизийн дүрс бичлэгээс харагдана.


Орон нутгийн цагаар 11:30 цагт гамшиг болсон гэж Киштвар дүүргийн хэсгийн комиссар Рамеш Кумар ANI агентлагт мэдээлээд, орон нутгийн цагдаа болон гамшгаас хамгаалах албаныхан ослын газарт очсон гэлээ. “Арми, агаарын хүчний багуудыг бэлэн байдалд оруулсан. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Энэтхэгийн Цаг уурын албаны мэдээлснээр, ялангуяа борооны улирлын үеэр ердөө нэг цагийн дотор 100 мм гаруй хур тунадас орсон нь уулархаг бүс нутагт гэнэтийн үер, хөрсний гулгалт зэрэг гамшигт хүргэдэг. Сринагар хотын цаг уурын албанаас Кашмирын хэд хэдэн бүс нутагт пүрэв гарагт хүчтэй аадар бороо орохыг урьдчилан анхааруулж, хөрс нурах, үер болох магадлалтай тул бэхэлгээ муутай барилга байгууламж, цахилгаан шон, хөгшин моддоос хол байхыг оршин суугчдад сэрэмжлүүлжээ.

 


Холбоотой мэдээ