Т.Насанцэнгэл 12 жилийн хугацаанд 20 орчим төрлийн мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-07 15:02:12

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Баруун-Урт сумын иргэн Т.Насанцэнгэл өөрийн сонирхлоор 2012 оноос мод тарьж эхэлжээ. Одоогоор хашаанд нь 11 төрлийн цэцэгт мод, зургаан төрлийн жимсний мод бий. Хоёр төрлийн чавга, алимаас гадна хүлэмжид өргөст хэмх тарьж өрхийнхөө хэрэгцээг хангаж байна.




Хашаа нь 1,4 га талбайтай, түүнийхээ гуравны хоёрт нь мод тарьж, бусад хэсгийг мөн өөрийн гараар тохижуулжээ. Гүүр, савлуур, сүүдрэвч, гулсуур, элсэн талбай, усан оргилуур гээд ногоон байгууламжтай зохицох бүх зүйл энд бий.




Багаасаа ахуйн ажилд сайн хүүхэд байсан. Анх хоёр ширхэг улиас тариад түүнийхээ ургаж байгааг хараад урам авч, дахин нэмж мод тарих хүсэлтэй болсон. Хэдийгээр төрийн ажилтай хэдий ч чөлөөт цаг, заваа үүнд зориулах дуртай. Ер нь мод тарихын тулд арчилгаа болон сэтгэл хамгийн чухал. Миний хувьд модоо хүүхэд шиг хайрлаж, бас байнга ярьдаг. Яагаад ч юм тэгэх тусам илүү сайн ургаад байгаа юм шиг санагддаг. Арав гаруй жилийн хугацаанд хашаагаа яг санасан шигээ болгож чадсан. Ганцхан төлөвлөлт дээрээ алдсан байсан. Тохижилт хийхийн тулд ургасан модоо шилжүүлэх тохиолдол гарч байна. Тэгэхээр анхнаасаа талбайгаа, орчноо маш сайн төлөвлөж мод тарих ёстой юм билээ. Одоо бол хашаагаа иж бүрнээр нь тохижуулчихсан болохоор манай гэр бүлийнхэн ялангуяа хүүхдүүд маань хашаандаа ирэх их дуртай. Хамтдаа модоо усалж, арчилдаг. Энэ нь хүүхдүүдээ хөдөлмөрт сургах нэг хэлбэр болдог. Шинээр суулгасан моднуудаа хүүхдүүддээ хуваарилаад өгчихсөн. Тэгэхээр өөр өөрсдийнхөө модыг илүү их арчилж, хайрладаг. Одоогоор гацуур мод тарихаар суулгацаа бэлдэж байна гэж Т.Насанцэнгэл ярилаа.   




Түүний хувьд ихэнхдээ байгалийн болон хүлэмжийн усыг хуримтлуулж модоо усалдаг. Худгаас ус зөөхөөс аль болох татгалздаг. Энэ нь нэг талаараа усаа хайрлаж буйн илрэл.


Байгалийн усаар модоо услахаар илүү сайн ургадаг. Мөн модыг хэзээ ч хүйтэн усаар усалдаггүй. Бээрэх, хатгаа авах тохиолдол гардаг. Тиймээс ус нөөцлөх савыг бүтээж, хуримтлуулсан усаа түүндээ хийж бүлээсгэж байгаад модоо усалдаг. Хашаад байгаа хүлэмж, гараашдаа тулгуурлан ус хуримтлуулах гурван сав хийж, нийт хоёр тонн гаруй усыг хурааж байна. Миний хувьд энэ байгалийн усыг хуримтлуулах аргыг л хүн бүр хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Хашааг минь ирж үзэж сонирхсон хүмүүс, хөршүүд маань гээд маш их хүн асууж, зөвлөгөө авдаг. Тэр болгонд өөрийн арга туршлагаа харамгүй зааж өгөөд явуулдаг. Нэг ч гэсэн мод нэмэгдэж байвал бидэнд, байгальд маань хэрэгтэй гэж боддогоо ч тэрбээр хэлсэн юм.



Мод тарих нь тархи толгойг марааж, сэтгэл сэргээдэг. Гэр бүл, хамт олноороо чөлөөт цагаа үр дүнтэй, зөв өнгөрүүлэх цаашлаад байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах хамгийн энгийн жишээ бол мод тарих. Тиймээс хүн бүрийг мод тарихыг Баруун-Урт сумын үлгэр жишээ иргэн Т.Насанцэнгэл уриаллаа. 

Холбоотой мэдээ