Багш бүрийн боловсрол, нийгмийн асуудалд илүү анхаарч ажиллахаа мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-05 23:05:30

Дэлхийн багш нарын өдрийг 22, Монголын багш нарын өдрийг 50 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ баярын өдрийг Сэлэнгэ аймгийн боловсролын салбарынхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Багшаа дээдэлсэн энэ өдрийн баярын хурал АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо. Багш нарын баярын хуралд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Д.Загдгочоо болон үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо. Тус арга хэмжээний баярын хуралд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Д.Загдгочоо илтгэл тавьсан бол аймгийн удирдлагууд боловсролын салбарт ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид болон ажиллагсдад мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд Улсын тэргүүний сургууль 5, улсын тэргүүний цэцэрлэг 6 байгаа нь боловсролын салбарын үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг харуулж буй үйл хэрэг юм. Аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Монголын хөгжлийн ирээдүй оюуны боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Аймгийн удирдлагын зүгээс Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр залуу үеийнхэндээ Сэлэнгэ нутгаараа бахархах. Түүх, ёс заншил, уламжлалт соёлоо дээдлэх. Амьдралын арга ухаанд сургах замаар өрсөлдөх чадвартай, хөдөлмөрч, хүмүүнлэг хүнийг төлөвшүүлэх”-д онцгой анхаарлаа хандуулан ажиллана. Мөн багш бүрийн боловсрол, нийгмийн халамж, хамгаалалд илүү анхаарч, та бүхнийхээ сайн сайхан амьдралын төлөө улам ихийг хийж бүтээх болно” хэмээн баярын индэр дээрээс хэллээ. Тэрээр боловсролын салбарын нийт удирдлага, багш, ажиллагсаддаа Сэлэнгэ сайхан нутгаа хөгжүүлэхээр хийсэн ажил, бий болгосон үр дүн, амжилт ололтоо улам бүр бататган баяжуулж, шинийг сэдэж, бусдыг манлайлахыг уриаллаа.

Энэ үеэр Сүхбаатар сумын Улсын тэргүүний бүрэн дунд 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон “2016 оны Улсын Тэргүүний багш”-аар шалгарсан нь баярын өдрийн цоо шинэхэн мэдээ боллоо.

Шагналын хур асаргасан энэ өдрийн хамгийн том шагнал нь “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” байв. Энэхүү шагналын эзэн Сүхбаатар сумын ЕББД 6 дугаар сургуулийн захирал Н.Баярсайхан байв. Баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, Сүхбаатар сумын ахмад настан Ц.Цэгмэд, Х.Сувдаа, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр БСУГ-ын мэргэжилтэн Д.Нарантуяа, Г.Эрдэнэчимэг нарын 15 хүн, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Мандал сумын 1-р сургуулийн бага ангийн багш Ё.Чимгээ, Алтанбулаг сумын ахлах сургуулийн бага ангийн багш С.Алтанцэцэг нарын 29 хүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Боловсол, соёл, урлагийн газрын дарга Д.Загдгочоо, Сүхбаатар сумын 1-р сургуулийн хөгжмийн багш Ц.Алимантуяа, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгийн нягтлан бодогч С.Алтанцэцэг, Цагааннуур сумын ахлах сургуулийн бага ангийн багш Б.Үүртуяа, Бугант тосгоны 19-р цэцэрлэгийн бүлгийн багш Б.Одондэлгэр нарын 24 хүн, Боловсрол, соёл урлагийн газрын “Ахмадын алдар” тэмдгээр Боловсрол, соёл урлагийн газрын ахмад ажилтан Ч.Энхтунгалаг, Б.Батжаргал, Боловсрол, соёл урлагийн газрын “Боловсролын төлөө” тэмдгээр Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Э.Сэлэнгэ, Н.Баянжаргал, “Тарни” цэцэрлэг, сургуулийн эрхлэгч Д.Зэмбээ, Боловсрол, соёл урлагийн газрын “Багшийн алдар” тэмдгээр Сүхбаатар 3-р цэцэрлэгийн багш Ким Хэвон нар тус тус шагнууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ