Баянхонгорынхон ХАА-н салбарт томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөснөө УИХ-ын даргад танилцуулав 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-05 00:45:25

Баянхонгор аймагт УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны ажиллалаа.

УИХ-ын даргыг аймгийн төв талбайд ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. Үүний дараа аймгийн Засаг дарга ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзан, нутаг орны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Засаг дарга хэлэхдээ, “Аймгийн хэмжээнд зуншлага сайн байсан. Намар ч урт, сайхан болж байна. ХАА-н салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил амжилттай хийж буй. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртөө аймаг орон нутгаа улсын шилдэг таван аймгийн нэг болгохоор тусгасан. Энэ хүрээнд иргэдээ ажилтай, орлоготой, оюун санаа, боловсролын хувьд хөгжүүлэх чиглэлийг гол болгоод зогсохгүй аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг болсон ХАА-н салбарт томоохон шинэчлэлт өөрчлөлтийг хийхээр төлөвлөөд ажил эхнээсээ хийгдэж байна” гэдгийг УИХ-ын даргад уламжлав.

Сургуулийн барилга шинэчлэх асуудлыг тавилаа

УИХ-ын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчид байдаг байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсонтой холбогдуулан ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй, суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай, эцэг эх олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулж, хамтын ажиллагаа сайжирсан, сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги бүлгийн зохион байгуулалт хийгдэж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгдэж байгаа талаар УИХ-ын даргад танилцуулж байв.

Мөн энэ үеэр сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагын талаар танилцуулж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнгийг шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилсан. УИХ-ын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар төгсөх ангийн хичээлийн явцтай танилцаж, Улсын Их Хурал, Засгийн гишүүд "Номун далай" цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхон, сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

УИХ-ын даргын орон нутгийн томилолт Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, ээлжит бус чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулах ажлаар үргэлжилсэн.

Уулзалтын өмнө ХНХ-ын сайд Н.Номтойбаяр НХҮХ-ийн үйл ажиллагаатай, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай нь газар дээр нь очиж танилцан тулгамдсан асуудлыг нь судалсан байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга шинэ тутам байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомж, цаг үеийн асуудлаар мэдээлсэн.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Манай салбарын тулгамдсан асуудлуудын нэгт Яаралтай түргэн тусламжийн хүрэлцээ, алслагдсан сум оронд хүргэх талаарх асуудал бий. Бүх боломжийг судалж анхаарч ажиллаж байгаа. Мөн цусны хорт хавдрын эмчилгээг улсаас хариуцдаг болж буй. Онош тодорхойгүй сорьц тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, Резидент эмчийн суралцах хугацаанд цалинжуулах зэрэг олон ажлыг эхлүүлэхээ онцолсон. Мөн үеэр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн амьсгалын аппарат, хүүхдийн дулаацуулах ширээ, зөөврийн рентген зэрэг тоног төхөөрөмжийг олгохоор болсноо хэлсэн юм.

Иргэдийн зүгээс ажлын хэсгийнхэнд хандсан санал асуултын салхийг хагалж Ахмад сэтгүүлч П.Санаадагва, Эрүүл мэндийн сайдаас "Элэг бүтэн Монгол" төслийн хүрээнд хөнгөлөлттэй эм олгох, зорилтот бүлгийнхэнд хандсан ажлаа нэн түрүүнд хэрэгжүүлэхийг хүсэв. Тэрээр тус аймагт Өвчтөний нийгэмлэг байгуулагдсаныг хэлээд, Баянхонгор аймагт дээрх төслийн хүрээнд "Элэг бүтэн Баянхонгор" төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд цөөнгүй хүн тус эмийг авч уугаад элэгний вирусгүй болсон бол цаана нь амьдралын боломжгүй, эмийн сураг сонссоноос өөргүй 1000 гаруй хүн байгаа гэв.

Иргэдийн голчлон тавьсан асуултуудад цалин тэтгэврийн нэмэгдэл, тэтгэвэрт гарах иргэдийн 36 сарын тэтгэлэг, хүүхдийн мөнгөний олголт зэрэг асуудлууд зонхилж байлаа.

                                                                                                                      Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ