ДОРНОГОВЬ: Хүүхдийн дацанг түшиглэн “Саран хөхөөний намтар” жүжгийн уран бүтээлчдийг бэлтгэдэг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-09 12:37:19

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Дулдуйтын Лувсанданзанравжаагийн амьдрал, уран бүтээл хийгээд байгуулсан хийд, орон газрын сонин сайхнаас цувралаар толилуулж байна.


Энэ удаа Хамарын хийдэд орших Хүүхдийн дацанг онцлов. XIX зууны эхэн үед Ноён хутагт /одоогийн Сайншанд дахь Хамарын хийд/ өөрийн байгуулсан Хамарын хийддээ хүүхдүүдэд зориулсан бага сургууль, багшийн сургуулийг байгуулж байжээ.


Тухайлбал, хүүхдийн урлах сэтгэхүй, оюун билгийг хөгжүүлэх үүднээс Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд залууст бичиг соёлын болон соёл урлаг,  байгаль дэлхийг танин мэдэх анхны мэдлэг олгоход анхаарч байв. 


Хүүхдүүдийн хүсэл сонирхлын дагуу авьяас чадварыг нь нээн илрүүлэхээс гадна Хүүхдийн дацанг түшиглэн “Саран хөхөөний намтар” жүжгийн уран бүтээлчдийг бэлтгэдэг байсныг “Дорноговь судлал-IV судалгааны бүтээлд дурджээ.


Үүнээс гадна хөгжимчин, хувцас, тайзны урлаачдыг ч бэлтгэдэг нарийн дэг сургуулийг бий болгож байжээ. Эдүгээ хүүхдийн дацан Хамарын хийдийн сүм дуганын нэгээхэн хэсэг болон оршиж байна.     

Холбоотой мэдээ