Дэлхийн 10 улс 6G сүлжээг хамтран хөгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ХЕЛЬСИНКИ, 2024 оны хоёрдугаар сарын 27 /RT/. Финланд ба бусад есөн улс 6G сүлжээг хөгжүүлэх үндсэн зарчмуудын талаар тохиролцож, тусгай тунхаглал баталсныг Финландын тээвэр, харилцаа холбооны яамнаас Барселонад “Mobile World Congress” үзэсгэлэн нээгдсэнтэй холбогдуулан зарлажээ.
Тусгай тунхаглалд Австрали, Их Британи, Япон, Канад, БНСУ, Франц, Швед, Чех болон АНУ нэгдсэн байна.
“Финланд улс бол үүрэн холбооны сүлжээний технологийг хөгжүүлж, хурдацтай нэвтрүүлж буй тэргүүлэгч орнуудын нэг юм. Бид үзэл бодол нэгтэй улс орнуудтай олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаадаа баяртай байна. Ирээдүйн гар утасны сүлжээг аюулгүй, найдвартай байлгах үүднээс 6G сүлжээг хамтран хөгжүүлэх нь чухал" гэж Тээвэр, харилцаа холбооны сайд Лулу Ранне мэдэгджээ.
Финланд бол гар утасны мэдээллийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улсад тав дахь үеийн хөдөлгөөнт холбоог 2020 оноос нэвтрүүлжээ.