“MH17”-г Орост үйлдвэрлэсэн пуужингаар харван унагаасан нь тогтоогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-29 09:17:14

ГААГ. /Xinhua/. Хоёр жилийн өмнө Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцыг Оросын талыг баримтлагч босогчдын хяналтанд байсан тосгоноос Орост үйлдвэрлэсэн пуужингаар харван унагаасан нь тогтоогдлоо гэж олон улсын мөрдөн шинжээчдийн баг мэдэгдлээ.

Нидерланд, Украин болон бусад гурван улсын шинжээчид энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. 2014 оны долдугаар сард Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд “MH17” дугаарын нислэг үйлдэж байсан уг онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 298 хүн сууж явсан бөгөөд тэд бүгд амиа алдсан билээ.

Шинжээчдийн баг лхагва гарагт Нидерландад сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “нисэх онгоцыг Украины зүүн нутгийн Первомайск тосгоноос Орост үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингийн цогцолбороор харван унагаасныг тогтоолоо” гэжээ.

Тухайд үед Украины зүүн нутагт засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд байлдааны ажиллагаа эрчимжиж байсан билээ. Уг хэрэг болох үед тус тосгон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтанд байсан гэж мөрдөн шинжээчид хэлсэн байна.

Мөн шинжээчид хэлэхдээ “нутгийн оршин суугчдын авсан гэрэл зургууд болон салан тусгаарлагчид хоорондоо утсаар ярьж буй ярианаас үзвэл, онгоцыг харван унагаасан тэр өдөр “Бук” пуужингийн цогцолборыг Украинд авчирсан нь тодорхой байна” гэжээ.

Түүнчлэн онгоцыг харван унагаахад оролцсон байх магадлалтай 100 орчим хүнийг олж тогтоогоод байгаа аж. Бид гэмт этгээдүүдийг олж тогтоох ажлыг үргэлжлүүлнэ гэж шинжээчид хэлжээ.

Орост үйлдвэрлэсэн газар-агаарын ангиллын пуужингаар онгоцыг харван унагаасан гэсэн дүгнэлт бүхий тайланг Нидерландын Засгийн газар өнгөрсөн онд гаргаж байсан юм.

Харин Украины зүүн нутгийн Донецк муж дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын удирдагч Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “тухайн үед бидэнд “Бук” шиг газар-агаар ангиллын ямар ч пуужин байгаагүй” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ