БАЯНХОНГОР: Боловсролын байгууллагууд шилдгээ шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Боловсролын байгууллага үр дүн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжиж сургалтын байгууллага, багшийн ажлыг сайдын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу үнэлж баталгаажуулан цалин урамшууллыг нэмэгдүүлдэг болсон. Баянхонгор аймгийн боловсролын салбарынхан 2023 оны ажлаа дүгнэж, энэ оны үнэлгээгээр улс, аймагтаа тэргүүлсэн байгууллагуудыг урамшуулж батламжийг гардуулах үйл ажиллагааг аймгийн БШУГ-аас зохион байгуулав.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлэлтээр тэргүүлсэн Баян-Ойт сургууль, цэцэрлэг, Хүүхэд хөгжил хамгаалал, суралцагчийн сэтгэл ханамжаар тэргүүлсэн Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Багшийн хөгжлөөр тэргүүлсэн Эрдэм сургууль, Удирдлагын манлайллаар тэргүүлсэн Баянговь сумын ЕБС, сургалтын орчин бүрдүүлэлтээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Эрдэнэмандал ЕБС, хүүхэд хөгжил хамгааллаар удаалсан Эрдэнэцогт сумын ЕБС-ийн хамт олон оны шилдгүүд болжээ.
Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаа манлайлан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтээр Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэг, хүүхэд хөгжил, хамгааллаар 3 дугаар цэцэрлэг, багшийн тасралтгүй хөгжил Бөмбөгөр сумын цэцэрлэг, удирдлагын манлайллаар 15 дугаар цэцэрлэг, сургалтын орчин бүрдүүлэлтээр 7 дугаар цэцэрлэг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшнээр 11 дүгээр цэцэрлэг шалгаран батламжаа гардсан байна.
Мөн энэ үеэр захирал, эрхлэгчдийн холбооноос тухайн жилийн хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтыг үнэлж манлайлагч захирал, эрхлэгчийг тодруулан шагнасан бөгөөд оны шилдэг захирлаар Шаргалжуут тосгоны захирал Н.Амарсанаа, Жаргалант ЕБС-ын захирал Б.Саранцэцэг нар шалгарсан бол Шилдэг эрхлэгчээр Хүрээмарал сумын цэцэрлэгийн эрхлэгч Я.Оюунчимэг, Богд сумын эрхлэгч Т.Болортуяа нар шалгарчээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 5-6 настай хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдалт 99 хувь, сургуульд бэлтгэгдсэн байдлыг 75-95 хувьд, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 87-90 хувьд, бага, суурь боловсролын хамран сургалт 97-99 хувьд хүрчээ. Боловсрол сургалтын байгууллагууд гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр 76.03 хувиар улсад тэргүүлж нэгдүгээр байр, гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нар 76.58 хувиар улсад гуравдугаар байр эзэлсэн байна.