Бээжинд агаарын бохирдлын "шар" түвшнийг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-07 12:01:47

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотод их хэмжээний утаатай байгаагийн улмаас өнөөдөр аюулын “шар” түвшнийг зарласан байна. Хятадын Цаг уурын удирдах газрын мэдээлснээр, аюулын “шар” түвшнийг мөн тус улсын хойд нутгийн Тяньжин хотод зарлажээ.

Өнөө өглөө Бээжин хотын агаарт эрүүл мэндэд хортой ПМ-2,5 /PM 2,5/ тоосонцрын агууламжийн хэмжээ шоо метр тутамд 300 микрограммаас давсан байсан бол хотын зарим дүүрэгт энэ үзүүлэлт 390 микрограммд хүрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан хэм хэмжээнд зааснаар, агаарт ПМ-2,5 тоосонцрын агууламжийн өдөр тутмын аюулгүй хэмжээ шоо метр тутамд 25 микрограммаас хэтрэх ёсгүй юм.

Агаарын бохирдлын хэмжээ өндөр байгаатай холбогдуулан амьсгалын замын өвчтэй хүүхэд, хөгшчүүлийг гудамжинд удаан байхгүй байхыг Бээжингийн эрх баригчид зөвлөжээ.

Хятадад ПМ-2,5 тоосонцрыг ялгаруулдаг гол эх үүсвэрүүд нь тээврийн хэрэгслүүд болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд юм. Утаанд агуулагддаг энэ тоосонцор нь хүний уушги болон цусны эргэлтийн системд нэвтэрч чаддаг бөгөөд их хэмжээгээр нэвтэрвэл судасны үрэвсэлд хүргэж, артерийн судасны бөглөрөл үүсэхэд хүргэх аюултай ажээ.  Энэ шалтгаанаар 2013 оны сүүлээр Бээжингийн эрх баригчид “Агаарын бохирдол дээд цэгтээ хүрэх үед авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөө нь хотуудын албад болон үйлдвэрүүдийн ажлыг “хөх”, “шар”, “улбар шар”, “улаан” гэсэн экологийн дөрвөн түвшнээр зохицуулдаг байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд