БСШУС-ын сайд Баянхонгорт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-19 19:47:22

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийг Баянхонгор аймгийн төв Баганат талбайд ЕБС-иудын сурагчид Уртын дуу, нутгийн бренд Чулуун царгил хөгжмийг тоглож угтан авсан байна. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нарын зэрэг албаны хүмүүс хүлээн авч, үүний дараа Боловсрол соёл, спортын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзалт хийсэн. Мөн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс танилцуулж, боловсрол, соёл, спортын асуудлуудын талаар санал солилцсон байна. Тэрээр Засгийн газрын хөтөлбөртөй орон нутгийн бодлого шийдвэрийг уялдуулах нь чухал гэдгийг онцолж байв.

БСШУС-ын сайд Баянхонгор аймгийн боловсролын салбарт өмнөх засгийн газрын үед үүссэн 380 сая төгрөгийн өрийг барагдуулахаар шийдвэрлэснээ салбарынхантайгаа уулзах үеэрээ дуулгасан. Мөн хичээлийн цагаар багш сурагчид нийтээрээ гар утас хэрэглэхгүй байх шийдвэр гаргаснаа сонордуулжээ.

Харин өнөөдөр тус ажлын хэсэг аймгийн Цагдаагийн газрын шинэ барилгын нээлтэд оролцож, аймгийн Биеийн тамир спортын газар, "Номун далай" цогцолбор сургуулийн ажил байдалтай танилцав. Энэ үеэрээ Ж.Батсуурь сайд Хонгор нутгийн хүүхдүүдийн спортод гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, спортынхоо хажуугаар маш сайн суралцаж эрдэм номдоо илүү шамдваас спортдоо улам их амжилт гаргана хэмээн захилаа.

БСШУС-ын сайд Баянхонгор аймгийн түүх угсаатны болон байгалийн Музейн ажил байдалтай танилцаж, дарга ажилтнуудын тавьсан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ хэлсэн юм.

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ