Ирэх онд тэмдэглэх олон улсын тэмээний жилийг угтсан хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-09-29 10:34:59

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. НҮБ-аас ирэх оныг Олон улсын тэмээний жил болгон зарласан. Хос бөхт тэмээний өлгий нутаг Монгол Улс энэ үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхэд чухал ач холбогдол өгч байна.


Олон улсын тэмээний жилийг угтсан тусгай хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Боливи болон Саудын Араб улстай хамтран саяхан зохион байгуулав. Энд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцож, хос бөхт тэмээний өнөөгийн байдал, Ази тивийн сүүний түншлэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар илтгэл тавив.


Мөн Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөөх Азийн фермерүүдийн холбооны дарга Ц.Алтантуяа Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хийж буй ажлууд болон монголын малчин өрхөд тулгардаг эрсдэл, ган зудын давтамжийн талаар танилцууллаа.


Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр манай улс 470.4 мянган толгой тэмээтэй байна.


Дэлхийн тэмээний өдөр жил бүрийн 6 дугаар сарын 22-нд болдог бөгөөд манай улс энэ жил уг өдрийг анх удаа өргөнөөр тэмдэглэж, “Монгол Улсын хос бөхт тэмээ: Хөгжлийн боломж” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.


Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн тэмээний аж ахуйг хөгжүүлэх, ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл, тэмээн соёл уламжлалыг хадгалж хамгаалж, тэмээн уралдааныг аялал жуулчлалын эвент болгох талаар хэлэлцлээ. Мөн Монгол Улсад Дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-аас зарласан Олон улсын тэмээний жилийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, Монгол Улс бүс нутаг, олон улсад үр дүнтэй хамтран ажиллах чиглэлд зөвлөмж гаргасан юм

Холбоотой мэдээ