Аймгийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-19 14:51:34

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар зохион байгуулагдсанаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрөгч 7 дугаар сарын 9-ний өдөр болж, миний бие аймгийн ИТХ-ын даргын үүрэгт ажилд сонгогдсон.

Ажлаа хүлээж авснаас хойш 1 сар гаруй хугацаа болсон байна. Энэ хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2 удаа зохион байгуулсан. Мөн 21 аймгийн шинээр томилогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт, семинарт оролцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг, орон нутгийн өмнө тулгамдаж байгаа ирэх 4 жилд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар саналаа илэрхийлж, холбогдох яамдын сайд нартай уулзлаа” хэмээсэн юм. Мөн  аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг 9 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба хурлаар аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн төсвийн тодотгол зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн юм.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажилллагааныхаа хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан, 9 дүгээр сард багтаан аймгийн ИТХ-аар батлуулна гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрээр Засгийн газрын шийдвэрээр өөрчлөлт орсон зарим төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн томилгоотой холбоотой мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц үр дүнг танилцууллаа.

Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Арвайхээр суманд 3 өрхийн Эрүүл мэндийн төв, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж 11 сард ашиглалтанд орох бол Бат-Өлзий сум болон Уянга сумын Жаргалант багт шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Өнгөрсөн жилүүдэд баригдаж эхэлсэн ч хөрөнгө оруулалт тасарснаас шалтгаалан Уянга сумын Соёлын төвийн барилга, Арвайхээр сумын 928 хүүхдийн сургуулийн барилга, Есөнзүйл сумын бага сургуулийн болон дотуур байрны барилга, Хужирт сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл он дамжина. Эдгээр барилгуудыг дуусгахын тулд дутуу төсөв хөрөнгийг ирэх жилийн төсөвт тусгуулах талаар УИХ-ын гишүүдэд хандаад байгааг аймгийн Засаг дарга хэллээ.

Хүйтний улирал “хаяанд ирсэн” тул төв суурин газар, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгүүдийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгаа. Өнгөрсөн жил манай аймаг 4.5 сая толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн бол энэ жил 1.6 сая толгой төл мал хүлээн авснаар зундаа 6.1 сая толгой мал зуслаа. Олон жилийн дунджаар малчид жилдээ 1 сая орчим толгой мал хүнс тэжээлдээ хэрэглэж, зах зээлд борлуулдаг. Энэ жишгээр 5 сая гаруй толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүнтэй байна. Сүүлийн жилүүдэд малчид өөрсдийн идэвх санаачилгаар хадлан тэжээлээ бэлддэг болсон. Үүний үр дүнд Засгийн газраас өгсөн хэмжээнээс давуулж хадлан тэжээл бэлтгэх боломж нэмэгдэж байгаа  хэмээн тэрбээр мэдээлсэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ