Орос, Монгол, Хятад хамтран хил дамнасан “Цайны их зам” брэндийг хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-13 18:14:08

ВЛАДИВОСТОК. /ТАSS/. “Цайны их зам” брэндийг хөгжүүлэх хил дамнасан аялал жуулчлалын талаарх Орос, Монгол, Хятад гурван улсын хэлэлцүүлэг БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод удахгүй болно гэж Буриадын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдээллээ.


"Гурван улсын сайд нар ирэх сард Ухань хотод уулзаж, “Цайны их зам" брэндийн талаар хэлэлцэнэ. Бид энэ брэндийг сурталчлах хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Энэ ажилд бид маш сайн бэлтгэх хэрэгтэй" гэж А.Доржиев ярив.


Түүний хэлснээр, Хятадын тал уг төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа аж. Есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод болсон Хятад-Монголын экспод БНХАУ-ын олон бүс нутгийн төлөөлөгчид Орос, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 


Түүхт Цайны их замын олон зам өдгөө худалдаа, аялал жуулчлалын чиглүүд бүхий авто зам, төмөр зам болж хувирсан билээ. Энэ замын дагуу янз бүрийн эрин үед хамаарах, олон  үндэстэн, ястны түүхэн дурсгалт газрууд бий. Цайны их замын соёлын өвөрмөц онцлог нь цай чанах, хэрэглэх уламжлалтай холбоотой.


“Энэ маршрутаар Балтын тэнгис, Санкт-Петербург, Москва, ОХУ-ын Алтан цагариг хотууд, Сибирь, Байгал нуур, Буриад, Хиагт, Улаанбаатар, Монголын хээр тал, Хөх хот, Бээжин, Хятадын өмнөд хэсгийн цайны тариалан, Шар тэнгис гээд гурван улсын алдартай аялал жуулчлалын бүс нутгуудаар аялах, амрах бүхий л боломжийг ашиглах боломжтой. Цайны замаар цаашлаад Зүүн өмнөд Азийн орнууд руу аялж болно" гэж А.Доржиев онцоллоо.

Холбоотой мэдээ