Ногоочдыг зоорь байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-16 23:37:49

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн ургацын талбайд очиж хураалтын явцтай танилцав. Энэ үеэр тэрээр орон нутгийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ жилийн хувьд байгаль цаг агаар таатай, өндөр ургац авах боломж байгаа ч тариалалтын явц хангалалттай биш байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг арав, Дархан-Уул аймгийн ургац хураалт 20 гаруй хувьтай байгааг орон нутгийн удирдлагууд өгч байна. Ойрын өдрүүдийнх шиг цаг агаар тааламжтай өдрүүд үргэлжилбэл ургац хураалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Тариаланчид маань өөрсдөөс шалтгаалах бүхий л бэлтгэлээ хангасан байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тариаланчид ургацаа борлуулахад төр засгаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Засгийн газар тариаланчдын хүсэлтийг үндэслэж энэ оны төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгасан. Энэ мөнгөөр үр тариа худалдан авахгүй, харин тариа худалдан авах хүмүүст санхүүгийн эх үүсвэр босгоход нь дэмжлэг үзүүлбэл борлуулалтад нөлөөлнө гэлээ. “Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд хүнсний ногоо борлуулах төвүүдийг томоохон төв суурин газарт зохион байгуулахаар ажиллаж байна. Жилийн хэрэгцээг хангах ногоо тариалсан ногоочид маань нэг өдөр, нэг сард бүгдийг нь борлуулах гэдэг хүндрэлтэй. Үүнээс шалтгаалж намар ногооны үнэ унадаг. Иймд үйлдвэрлэгчдэд зоорь, ногоо хадгалах байр сав бэлтгэж өгөхөд Засгийн газраас анхаарна. Ингэхгүй бол хадгалах байр савтай хүмүүс ногоог нь маш хямд үнээр худалдаж аваад өвөл, хаврын цагт үнэд орохоор нь зардаг энэ байдал үргэлжилнэ. Иймээс үйлдвэрлэгчдэд өөрт нь хадгалах байр, зоорийг нь бэлтгэж өгөх бодлогыг Засгийн газар барьж ажиллана гэлээ.  

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ