Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болсон газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-06 14:16:45

БЭЭЖИН. /TASS/. Хятадын хойд нутгийн Тяньжин хотод наймдугаар сарын 12-нд хүчтэй дэлбэрэлтүүд болсон газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, энэ тухай Тяньжин хотын Биньхай дүүргийн захиргаа мэдэгдсэн байна.

Төслөөс үзвэл, цэцэрлэгт хүрээлэнг 34 орчим га талбайд байгуулах аж. Цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх, идэвхтэй амрах болон биеийн тамираар хичээллэх нөхцлийг бүрдүүлнэ гэж Биньхай дүүргийн захиргааны төлөөлөгчид хэлжээ, Үүнээс гадна, мөн дэлбэрэлт болсон газрын ойролцоох  газар нутгуудыг сэргээн засах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Энд хиймэл нуур, худалдаа, спортын бүс байгуулахаар төлөвлөж байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, техногенийн осол болсон бүсэд одоогийн байдлаар нийтдээ 46 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хэдийн зүлэгжүүлээд байгаа аж.

Хятадын хойд нутгийн боомт хот болох Тяньжинд тээвэр зуучийн “Жухай” компанийн агуулахад хүчтэй дэлбэрэлтүүд болсон билээ. Дэлбэрэлтийн долгионд 2 км радиуст байсан орон сууцуудын цонх хагарч, хэдэн мянган автомашин сүйдсэн юм. Эмгэнэлт явдлын улмаас 173 хүн амиа алдаж, 800 орчим хүн гэмтэж шархадсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд