ХЭНТИЙ: "Нэг зам-Нэг соёл" аянд Хэнтийнхэн нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-01 09:14:10

Чингис /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас “Нэг зам-Нэг соёл” аяныг улсын хэмжээнд нэг өдөр, нэг цагт эхлүүллээ. 


Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 500 гаруй хүн нас барсан бол Хэнтий аймгийн хэмжээнд найман хүн нас барсны гурав нь бага насны хүүхэд байна.  Шалтгаан нөхцөлийг тодруулахад, хурд хэтрүүлдэг, шөнийн цагаар гэрэл дохио шилжүүлдэггүй, согтуурсан үедээ жолоо барьдаг, гарцаар гардаггүй, бага насны хүүхдүүдийг авто замын хөдөлгөөнд бие даан оролцуулдаг, хот хоорондын замын эвдрэл гэмтэл зэргээс үүдэж осол гарсаар байна. 


Хэнтий аймаг зүүн гурван аймгийг холбосон улсын чанартай А0501 замтай бөгөөд хөдөлгөөний эрчим урсгал, авто замын осол аваар ихтэй бүс нутгийн тоонд ордог байна.


Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батхүү ярихдаа, “Нэг зам-Нэг соёл” сарын аяны хүрээнд Хэнтий аймаг замын хөдөлгөөний хяналтыг эрчимжүүлж, жолооч, иргэдээс хөдөлгөөний соёлыг шаардан ажиллана. Зам дээр жолооч нар соёлтой, дүрмээ биелүүлж, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж оролцвол ослыг бууруулах, нас баралтыг багасгах боломж хүн бүрд бий. Тун удахгүй Хэнтий аймгийн 100 жилийн ой болох тул авто замын хөдөлгөөн, хот дотор замын хөдөлгөөн нэмэгдэнэ. Хөдөлгөөнийг зохицуулж, аваар осолгүй наадах тал дээр аймгийн Цагдаагийн газар хүч нэмэгдүүлэн, төлөвлөгөө боловсруулан ажиллана. Нэмэлт хүч татаж, камерын хяналтыг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна” гэв.

Холбоотой мэдээ