АНУ-БНХАУ-ын харилцаа сайжирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-06 12:08:58

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. “БНХАУ-АНУ-ын харилцаа цаашид сайжирсаар байх болно. Үүнээс өөр сонголт байхгүй” гэж АНУ-ын Хөдөлмөрийн сайд асан Элайн Чао мэдэгдэв.

АНУ болон БНХАУ хамгийн том хоёр орон, тэд ойр дотно харилцаатай байх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Элайн Чао нь 2001-2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан Жорж Бушийн үед Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байжээ.

Чао нь АНУ дахь хятад гэр бүлд төрсөн бөгөөд хоёр талын харилцааг дэмжихэд идэвхтэй оролцдог байна.

Бие биенээ илүү сайн мэдэхийн тулд дээд түвшний харилцаа холбоо, ашиг сонирхлоо илэрхийлж, Ерөнхийлөгч нар хоёр улсад харилцан айлчлал хийх нь маш чухал юм гэж Чао мэдэгдээд, “Хоёр оронд соёлын ялгаа маш их байдаг. Хятадуудын юу хэлээд байгааг америкчууд ойлгодоггүй. Тиймээс байнгын айлчлал хийж, өргөн хүрээтэй харилцаа бий болгосноор хоёр орны эв нэгдэл, ойлголцол нэмэгдэх болно” гэдгийг нэмж хэлэв.

Мөн тэрбээр, өөр хоорондоо ялгаатай орнууд, иргэд хооронд итгэлцэл гэдэг маш чухал асуудал. Дөнгөж саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга нарын уулзалт шиг дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд сайнаар нөлөөлнө гэв.

АНУ-БНХАУ-ын харилцааг өргөжүүлэхийн тулд хоёр орны олон нийтийн дипломат ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх хэрэгтэйг тэрбээр онцлов.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд