Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-09-09 18:56:16

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдүүдэд зориулан олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдэд буяны ном хурах, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй, дараалалгүй үзүүлэх, бичиг баримтын бүрдэл дутуугаас нөхөх олговроо авч чадахгүй олон жилээр хохирч буй зарим иргэдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, мөнгөн тэтгэмж олгох зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.

Мөн өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон төрийн албан хаагчид, иргэд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд босгосон хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 21 жил болж байна.
Сонирхуулахад, Цагаатгах ажил эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18 мянга гаруй хүнд 16.2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор төрөөс олгоод байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй хүний нэр төрийг сэргээх, цагаатгах ажил явж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ