Лаосын дайн америкчуудын хувьд “нууц дайн” байсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-07 15:47:36

ВЬЕНТЯН. /TASS/. Лаост явуулсан Америкийн цэргийн ажиллагаа нь америкчуудын хувьд нууц байсан бол энэ дайны хор уршгийг өнөөг хүртэл мэдэрч буй Лаосын ард түмний хувьд нууц зүйл байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Вьентян хот дахь COPE төвд зочлохдоо хэллээ. Энэ төвд дайны үед дэлбэрээгүй үлдсэн бөмбөгөнд өртөн тахир дутуу болсон хүмүүсийг эмчилж сувилдаг ажээ.

Обама хэлэхдээ “дайн зөвхөн Вьетнамд төдийгүй Кампучи, Лаост болж байсан. Лаост нийтдээ 2 сая тонн бөмбөг хаяснаас 270 сая ширхэг нь задардаг бөмбөг байсан, одоо 80 сая ширхэг нь тэсрээгүй үлдсэн” гэдгийг дурдсан байна. “Лаосын ард иргэдийн хувьд энэ дайн зөвхөн байлдааны талбарт болоогүй ээ, сүүлийн 40 жилийн турш лаосчуудад энэ дайны сүүдэр туссаар байна” гэж Америкийн Ерөнхийлөгч хэлжээ.

Обама мэдэгдэхдээ, 1960-1970 оны дайны жилүүдэд АНУ-ын агаарын цэргийн хүчний Лаосын нутаг дэвсгэрт хаясан тэсрэх бөмбөгнүүдийг аюулгүй болгох ажиллагаанд зориулж 90 сая долларын тусламж үзүүлэхээ амласан байна.

Харин тэрбээр дайны үеэр учруулсан хохирлын төлөө уучлал хүссэнгүй.

Түүхийн хуудсыг сөхөхөд, Лаосын төвийн сахих статусын тухай 1962 оны Женевийн хэлэлцээрийг АНУ үл тоомсорлон, тус улсын зэвсэгт хүчин Лаост дэгдсэн иргэний дайнд 1964 оны 5 дугаар сараас 1973 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд хөндлөнгөөс оролцсон юм. Байлдааны ажиллагаанд нийтдээ Америкийн 50 мянга цэрэг оролцсоноос гадна Вашингтоны эрх баригчид Суванна Фума-гийн армид дэмжлэг үзүүлж байжээ. Дайны хугацаанд Америкийн нисэх онгоцууд Лаосын нутаг дэвсгэрт нийтдээ 3 сая гаруй тонн хаясан гэх тоо ч бий.  

Х.Сарнай   

Холбоотой мэдээ