Өвөрхангай аймаг боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2016-2017 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Дээрх сургууль, цэцэрлэгт нийт 29000 хүүхэд суралцаж, цэцэрлэгийн хамран сургалт 87 хувь, сургуулийн хамран сургалт 95 хувьд хүрч байна. Түүнчлэн 2365 багш ажилтан, албан хаагчид ажиллаж, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж 99 хувьд хүрчээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг дарга Г.Ганболд оролцож үг хэлэхдээ “Манай аймгийн боловсролын салбар сүүлийн жилүүдэд томоохон олимпиад, уралдаанууд, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа билээ. Өнгөрөгч хичээлийн жилд Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлсэн амжилттайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Энэхүү амжилт нь багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын үйл ажиллагааны үр дүн юм” хэмээлээ.
Түүнчлэн орон нутгийн төсөв хөрөнгийн дийлэнхийг боловсролын салбарт оруулж, хүүхдүүдийг тав тухтай орчин нөхцөлд сурч боловсрох бололцоо нөхцөлөөр хангаж байгаа, цаашид хөрөнгө оруулалтуудыг улам нэмэгдүүлж, хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн юм.
2016 оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 4 цэцэрлэг шинээр барьж, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн гадна тохижилт, 4 дүгээр цэцэрлэг, Нарийнтээл сумын цэцэрлэг, Хужирт, Тарагт сумын сургуулийн дотуур байранд их засварыг хийсэн байна.
Өвөрхангай Б.Батчимэг