ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн бэлчээрийн менежментийг төрийн бодлоготой уялдуулан хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-15 20:42:02

Даланзадгад /МОНЦАМЭ/ Говийн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн дунд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Дундговь аймагт боллоо. 

 

Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгаас ХХААГ, БОАЖГ, ГХБХБГ, Бэлчээр ашиглагчдын холбоо, Даланзадгад болон Ханхонгор сумын малчдын төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.


 

Говийн бүсэд бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна.

Тиймээс бэлчээрийн асуудлыг цогцоор нь авч үзэж, технологийн дэвшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэргийг төрийн бодлоготой уялдуулж, Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас говийн бүсийн хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулж байгаа аж.

Салбарын мэргэжилтнүүд малын тоо толгойг хэт өсгөхгүй байх, малчид өөрийн эзэмшлийн өвөлжөө болон хаваржаагаа бусдад дамжуулан түрээслүүлдэг байдлыг зогсоох, уул уурхай болон бусад зүйлсээс шалтгаалсан эмх цэгцгүй олон зам нь хөрсийг ихээр гэмтээдэг. Энэ асуудалд анхаарч багасгах талаар бодлогын ажлуудыг хийх, малын хөлийн татварыг бэлчээрийн талхагдлыг буруулах зориулалтаар нь зарцуулах шаардлагатай зэрэг саналуудыг гарган хүргүүллээ. 

 


Холбоотой мэдээ