Л.Дамдин:Ганц тасархай цаас ч эд мөрийн баримт болдог юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-06 13:17:09

Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Цагдаагийн байгууллагын гол цөм болсон энэхүү нэр хүндтэй албанд бие сэтгэлээ зориулж явсан Сэлэнгэ аймгийн анхны мөрдөн байцаагч, бэлтгэл хошууч Л.Дамдин гуайтай уулзаж түүний туулсан амьдралын түүхээс хуваалцлаа. Эдүгээ 90 насны сүүдэр зооглож байгаа буурал мөрдөгчийн үг яриа цэгцтэй, оюун ухаан цэцэн цэлмэг байсныг дурдахад таатай байна. 

-Таныг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагын анхны мөрдөн байцаагч гэж сонслоо. Анхны галыг нь бадрааж өгсөн энэ албаныхаа тухайн үеийн дурсамжаас хуваалцаач. Та яаж яваад мөрдөн байцаагч болчихвоо?

-Тухайн үед би бичиг үсэгт боловсорсон тэр үедээ л шинэ үсэг мэддэг ихээ мэдлэгтэй хүмүүсийн тоонд багтаж байлаа. Ингэж бичиг үсэгт боловсорсон хүмүүс тун цөөхөн байсан. Тэгээд л намайг бичиг үсэгтэй гээд цагдаагийн байгууллагад шинэ үсгийн багшаар ажилла гэлээ. Ингээд л 1946 оны 4-р сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаагаар орж ирсэн юм. Тэр үед аймгийн төв Алтанбулаг суманд байлаа. Манай Цагдан сэргийлэх анги цэнхэр өнгийн хоёр давхар модон байшинд байрладаг байв. Тэр үед сэргийлэх чинь гэрээт цагдаа, орон тооны гээд 100 гаруй цагдаатай, 4 салаатай, харуулын тусгай суман гэж байсан юм.  

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн 70 жилийн тэртээ хамт ажиллаж байсан нөхдөө дурсахгүй юу?

-Намайг анх ажилд ороход Дугаржав гэдэг даргатай байсан санагдана. Дараа нь 1947 онд Ишжамц гэдэг хүн даргаар ирж байсан. Дундуур нь Р.Агваандорж гэдэг хүн үүрэг гүйцэтгэгч хийж байлаа. Тэр үед гэмт хэргийг хоёр төлөөлөгч мөрддөг байсан. Нэг төлөөлөгч нь би. Нөгөөх нь автын газрын дарга байсан С.Батсүх байлаа. Ингээд 1954 онд анх мөрдөн байцаагч гэдэг албан тушаал бий болж, 6-р сард би Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид анхны мөрдөн байцаагчаар томилогдсон юм. Ингээд ажиллаж байгаад 1955 оны 7-р сард төвийн мөрдөн байцаах хэлтэст шилжсэн. Миний оронд Ё.Жанцан гэдэг хүн томилогдон очиж байсан. Мөн Намнан дарга бидэнд их тусалдаг, унаа хөсгөөр сайн хангаж өгдөг байлаа. Хөдөө гадаа ажилд явж байхад унаа хөлсгүй бол хэцүү ш дээ. Энэ хүн бол ажилдаа их элэгтэй, хүмүүстээ их тусалдаг хүн байсан. Бас Очирхуяг надтай ажиллаж байлаа. Дулаанхаанд гал сөнөөгч байсан юм. Мөн Тогтох байна. Тогтох мөрдөн байцаагч байгаагүй, гүйцэтгэх ажил хийж байсан. Гэхдээ харилцаа холбоотой л байсан. Давааням гэж нарийн бичгийн дарга байлаа. Заримыг нь хэлж мэдэхээ байжээ.  

-Таныг мөрдөн байцаагчаар ажиллаж байсан тухайн цаг үед ямар хэрэг их зонхилон гардаг байв даа?

-Тэр үед гол төлөв нутгийн хүмүүс байсан болохоор гэмт хэрэг, зөрчил гарах нь цөөхөн байсан. Хүн ам ч бага байж дээ. Онц ноцтой хэрэг цөөн гарна. Гол төлөв жижиг дутагдал, шамшигдал. Хулгай, зодооны хэрэг л гардаг байлаа.

-Хүн бүр өөрийн гэсэн арга барил, эзэмшсэн туршлагатай байдаг. Таны хувьд өөрийн онцог арга туршлага тань юу байв?

-Тухайн хүний сэтгэл зүйтэй ажиллах нь нэн тэргүүний зүйл байдаг. Тэгээд дээр нь хэргийн газрын үзлэгийг маш сайн хийж, өөрийнхөө нотлох баримтыг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Мөрдөн байцаагчийн ажил бол хүнээс асар их тэвчээр, мэдлэг, чадвар, сэтгэл зүйч байхыг шаарддаг юм шүү дээ.

-Та ямар хэргийг голлон мөрдөж байв. Тухайн үед хүн амины хэрэг гарч байв уу. Өөрийн мөрдөж, илрүүлсэн зарим хэргээсээ дурдаач?

-Тэр үед хүн амины хэрэг гарч байсангүй. Ихэвчлэн малын хулгай, орон байрны хулгай л гардаг байлаа. Миний мөрдөж илрүүлж байсан хэрэг дотор хүн буудсан нэг хэрэг байлаа. Алтанбулаг сумын харьяат нэг залуу найз бүсгүйгээ хардсаны улмаас гэрт нь очоод цонхыг нь хагалаад араас нь шууд буудсан хэрэг байлаа. Тухайн үед хэргийн газар дээрээс олдсон ул мөр, бүсгүйн нуруунд орсон бууны сумны байдлаар уг хэргийг мөрдөж эхэлсэн. Эхлээд учиг нь тайлагдахгүй, бууг нь олох гэж их ажил болж байлаа. Гэтэл буу нь нэг даргын буу болох нь тодорхой болсон. Тэр дарга буугаа хэд хоногийн өмнө шувуу агнаад өгье гэж гуйсан хүнд өгсөн гэсэн мэдүүлэг өгөөд байлаа. Тэр авсан хүн нь дамжуулсан байсан. Эзэн нь олддоггүй, нэлээд хугацаагаар эрж хайсан. Тэр буудуулсан эмэгтэйг хойш нь Хиагтад аваачид сумыг нь авах гэтэл болоогүй. Тэгээд л нотлох баримтаа нягт сайн цуглуулсны хүчинд буудсан эзнийг нь олж байлаа. Үүнээс өөр сэтгэл чилээсэн, ноцтой хэрэг нэг их гараагүй дээ.

-Мөрдөн байцаагч хүн үнэн зөв шийдвэр гаргахын тулд нотлох баримтуудыг бүрдүүлэх нь чухал гэж та хэллээ. Таны хувьд хэрэг мөрдөж байхдаа ямар нэгэн дарамт шахалтанд орж байв уу?

-Мөрдөн байцаах албаны ажлын онцлог бол хэргийн газрын үзлэгийг маш сайн, нухацтай хийх хэрэгтэй. Хэрэг гарсан газарт очоод ямар цаг үед хэрхэн үйлдэгдсэн байна гэдгийг маш гярхай ажиглан анзаарах хэрэгтэй. Үзлэгээр л сайн юмаа тогтоож авдаг юм. Мөрдөн байцаагч хүн судлах ёстой, маш сайн ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагынхаа болон бусад албадынхаа тусламжийг маш сайн авах хэрэгтэй. Ингэж байж тэр хэрэг илэрнэ. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Надад тийм дарамт ирж байгаагүй.

аны үед хэргийн газрын үзлэгийг хэрхэн гүйцэтгэдэг байв. Багаж төхөөрөмж ямар байв?

-Мөрдөн байцаалтын цүнх бидэнд байлаа. Хааяа түүнийгээ хэрэглэнэ. Дотор нь зургийн аппарат, тэмдэглэл бичих дэвтэр, мөр буулгах гипс зэрэг байдаг байв. Тухайн үед ажлын багаж хэрэгсэл тааруу байсан. Ёстой л өөрийн соргог мэдрэмж, нүдний хурц хараа, хэргийн газрын нөхцөл байдлыг онцгой анзаарч мэдрэх  явдал байсан. Унаа тэрэг ховор байлаа. Мөрдөн байцаагчийн гол онцлог бол хэргийн газрын үзлэгийг маш сайн хийх, хэрэг гарсан газарт орхигдсон зүйл юу байна, ганц тасархай цаас ч эд мөрийн баримт болдог юм шүү. Цагдаагийн байгууллагын ажилтан хүн сонор сэрэмжтэй, болсон хэргийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх, хэргийн баримт материалыг үнэн зөв цуглуулах явдал гол зүйл байдаг юм даа.

-Ахмад мөрдөн байцагчийн хувьд залуу хойч үедээ юу захиж хэлмээр байна даа?

-Сүүлийн үед ажлын арга барил өөр болж, техник хэрэгсэл ч маш их сайжирсан байна. Үүнийгээ маш сайн хэрэглэж, чадамгай эзэмшиж сурах хэрэгтэй. Мэдлэг чадвартай байна гэдэг бол маш чухал түлхүүр болж өгдөг юм шүү дээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ