СҮХБААТАР: Дарьганга сум иргэддээ түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сум говь хангай, тал хээр хосолсон өвөрмөц
тогтоцтой, байгалийн ховор үзэсгэлэнт нутаг. Тус сумын нийт газар нутгийн 64
хувь нь төрийн тусгай хамгаалалт болон байгалийн цогцолборт газарт хамаардаг. Сум
орон нутгийн зүгээс иргэддээ түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голлон
анхаарч байна. Энэ хүрээнд нутгийн онцлогийг харуулсан олон төрлийн эвент арга
хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Хунгийн баяр, Ганга нуурын чуулган, Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам, Олон улсын гэрэл зурагчдын уралдаан зэрэг нь аймаг төдийгүй улс, олон улсыг хамарсан үйл ажиллагаа болдог. Хамгийн сүүлд Дарьгангачууд Алтан овооныхоо энгэрт байрлах Дуут нуурандаа Мөнгөн өвөл мөсний баярыг зохион байгуулсан нь аймагтаа мөн анхдагч байлаа. Тус нуурыг 2008 онд хашиж хамгаалжээ.
Өвөл, зуны аялал
жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд шат шатанд нь олон төрлийн эвент, арга хэжмээг
зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Манай сумын хувьд олон нуур устай
гэдгээрээ онцлог. Үүн дээрээ түшиглэн мөсний баярыг анх удаа зохион байгуулсан
нь шинэлэг бөгөөд иргэд, хүүхэд багачуудын хувьд маш сонирхолтой үйл ажиллагаа
болж чадлаа. Үүнийгээ цаашид тогтмол хийхийн зэрэгцээ аймаг, бүс, улсын
хэмжээнд болдог арга хэмжээ болгох том хүсэл байна. Ийм боломж ч бий гэж харж
байгаа хэмээн Дарьганга сумын Засаг дарга Д.Болдбаатар хэллээ.
Дарьганга сум
байгалийн үзэсгэлэнт газар нутагтайгаас гадна угсаатны өвөрмөц соёл, зан
заншил, ёс уламжлалтай. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг
татах нөөц, боломж их. Харамсалтай нь сум төдийгүй аймаг орон нутаг ч үүнийгээ
бүрэн ашиглаж чадахгүй явсаар хэдэн жил өнгөрсөн. Харин энэ жилээс сумын зүгээс
давуу талаа ашиглан, иргэддээ түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ийнхүү анхаарч
эхэлжээ.