Сирид 700 гаруй босогч зэвсгээ хураалгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-05 14:31:09

ДАМАСК. /АР/. Үндэсний эвлэрлийн хөтөлбөрийн хүрээнд Сирийн зэвсэгт сөрөг хүчний 700 гаруй босогч тус улсын нийслэл Дамаск хотоос 110 км зайтай газар оршдог Дераа хотод зэвсгээ хураалгаж, цэргүүдэд  бууж өгсөн байна. Энэ тухай “SANA” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, урьд нь эрэн сурвалжлагдаж байсан 250 босогч энгийн амьдралдаа эргэж орсон байна. Босогчид сум, пулемёт, автомат буу, мэргэн буучийн винтов  зэрэг зэвсгийг эрх баригчдад хураалгажээ.

Сирийн сөрөг хүчнийхэн болон энгийн иргэдэд цохилт өгөхөө зогсоож, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулахыг АНУ болон эвсэл дэх тус улсын холбоотнууд 10 дугаар сарын 2-нд ОХУ-д уриалсан байна.

Сирийн сөрөг хүчний дайчдыг Иордан болон Туркийн дасгал сургуулилтын хуарангуудад бэлтгэж сургах ажиллагааг АНУ-ын эрх баригчид есдүгээр сарын 30-нд зогсоожээ. “Лалын улс”-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулахад чиглэсэн Сирийн сөрөг хүчнийг бэлтгэх цэргийн хөтөлбөрийг АНУ тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд