ОХУ-ын ерөнхий консул Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргад баяр хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-30 21:47:59

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Александр Цыденишиевич Доржиев Сэлэнгэ аймагт өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр зочлон ирж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаатай албан ёсоор танилцаж, баяр хүргэлээ.

Тэрээр Сэлэнгэ аймгийн хувьд ОХУ-ын Буриад улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд үүнийг хэвээр хадгалан цаашид ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд гар нийлэн ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Сэлэнгэ аймагт оршин суугаа Оросын холбооны улсын иргэдийг ирэх сард болох төрийн Думын сонгуульдаа оролцож саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллахыг аймгийн ИТХ-ын даргаас хүслээ. Ерөнхий консултай уулзах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж олон салбарт хамтран ажиллахыг хичээх болно гэдгээ амалсан юм. Мөн тэрээр ОХУ-ын иргэдийг ирэх 09 дүгээр сарын 18-нд болох сонгуульдаа оролцоход нь бүх шатны дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хурлын дарга цаг үеийн ажил болох өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын ажил, орон нутгийн сонгууль зэрэг ажлуудыг цэгцрэхээр гадаад харилцааны асуудалд анхаарлаа хандуулж өмнөх гэрээ хэлэлцээртэй танилцан тодорхой санал дэвшүүлэн ажиллана гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Александр Цыденишиевич Доржиев нар ирэх 11 дүгээр сард болох Орос-Монголын дипломат харилцаа тогтоосны ойгоор эргэн уулзахаар товлолоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ