Сэлэнгэ аймгийн залуучууд Энэтхэг улсад үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-30 21:46:02

Бүгд найрамдах Энэтхэг улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Суреш өнгөрсөн долоо хохогийн эхээр Сэлэнгэ аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Элчин сайд Т.Суреш хоёр сарын өмнө сайдын бүрэн эрхээ авсан байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Т.Суреш аймгийн удирдлагуудтай уулзахдаа өмнөх элчин сайдынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, илүү ихийг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдлаа. Тэрээр Сэлэнгэ аймагт хийсэн айлчлалынхаа хүрээнд тус аймгийн “Алтан тариа” ХХК, Сүхбаатар-Алтанбулаг боомтоор зочилсон юм. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн чиглэлээр улсдаа тэргүүлэгч аймаг төдийгүй Орос улстай хил залгаа байдаг учраас хэрэг зөрчлийг дор бүр илрүүлэн, хоёр орны иргэдийн тав тухтай байдал, боомтын аюулгүй байдлыг чандлан хадгалдаг хэмээн Сүхбаатар-Алтанбулаг боомтын удирдлагууд элчин сайдад мэдээлэл өглөө. Бүгд найрамдах Энэтхэг улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Суреш энэ удаагийн айлчлалаараа боловсролын салбарт түлхүү ажиллаж, Сэлэнгэ аймгийн залуу боловсон хүчин, суралцах хүсэлтэй залуучуудыг Энэтхэг улсад үнэ төлбөргүй 4 жил суралцах эрх өглөө. Тэрээр Сэлэнгэ аймгийн шинэ удирдлагуудын дийлэнх нь залуучууд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ