АРХАНГАЙ: 2023 оныг "Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгууд өөрийн онцлогтоо тулгуурлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна.
Архангай
аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаас 2023 оныг "Хүнсний хангамж аюулгүй
байдлыг сайжруулах жил" болгон зарласан нь бусад 20 аймгаас анхдагч
болоод байна. Зорилтот жилийн хүрээнд
аймгийн Засаг даргын захирамжаар "Хүнсний
хангамж, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө
боловсруулах үүрэг бүхий ажлын баг"-ийг томилж, зургаан чиглэлд төлөвлөгөө боловсруулжээ. Дурдвал,
§ Мал аж ахуйн үйлдвэрлэл
§ Газар тариалангийн үйлдвэрлэл
§ Хүнсний боловсруулах үйлдвэрлэл
§ Жижиг дунд үйлдвэрлэл
§ Хүнсний эрүүл ахуй
§ Стандарт, хэмжил зүй гэсэн чиглэлүүдэд төлөвлөгөө боловсруулж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмжих, зээлд хамруулах, хүнсний технологийн стандартыг мөрдүүлэх, газар тариалан, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, түүнийг дагасан тэжээл, бордооны үйлдвэрлэлийг бий болгох, сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох зэрэг орон нутгийн иргэдийн эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарчээ.
Жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөөнд аймгийн 19 сум, холбогдох газар, агентлагуудын саналыг тусгасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйн чиглэлийн ажлууд хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, хуванцар савны хэрэглээ ба хүнсний аюулгүй байдлын чиглэлээр аймгийн зах, нийтийн худалдааны төвийн цагаан идээний худалдаачид, Булган сумын малчин эмэгтэйчүүдэд гурван удаагийн сургалтыг аймгийн ЗДТГ, ХХААГ-аас зохион байгуулсан.
Мөн
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс" хөтөлбөрийн
хүрээнд өндөр бүсийн Эрдэнэмандал, Чулуут, Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан,
Ихтамир сумын 60 гаруй саальчин бүсгүйчүүдэд “Хүнсний аюулгүй сав” сургалтыг зохион
байгуулж, нэг хүнд долоон
төрлийн ган савыг өгөөд байна.