АРХАНГАЙ: Энх тайвны бэлгэдэл Сэргэ модон байгууламжийг босголоо

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-07-31 15:45:02

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Мас-рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд ард түмний нөхөрлөл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон Якутын уламжлалт зан үйлийн морин уяа “Сэргэ”-г өнөөдөр АРА Complex-д ёслол төгөлдөр босголоо.

Сэргэ нь 7 метр өндөр ба газарт 1.5 метрийн гүнд суулгалаа. Модон байгууламжийн ёроолд дөрвөн ширхэг зэсэн зоос, адууны зангидсан дэл хийсэн нь Архангайн ард түмнийг, адуу малыг эрүүл саруул байхыг бэлгэдсэн юм.

Энэхүү бэлгэдэлт бүтээлийг Олон Улсын Мас-рестлингийн Холбооны захиалгаар (Ерөнхийлөгч А.К.Акимов) Якутын “КИЭРГЭ” үнэт эдлэлийн компанийн захирал, дархан Александр Павлов өөрийн хоёр туслахын хамт Монголд бүтээжээ.


“Сэргэ” нь зөвхөн Якут ард түмний соёлын дурсгал төдийгүй, дэлхийн олон үндэстнийг уламжлал, эв нэгдлээр холбох бэлгэдэл болон АРА Complexт ийнхүү сүндэрлэлээ.

Саха ард түмний соёлын олон өвөрмөц бэлгэ тэмдгийн дундаас сэргэ хэмээх модон байгууламж онцгой байр суурь эзэлдэг. Сэргэ нь гүн гүнзгий бэлгэдэл, түүх, домог зүй, Саха үндэстний ертөнцийг үзэх үзэл, байгаль, амьтад, бурхан шүтээнд хандах хандлагыг агуулсан зүйл юм.

Сэргэ хэмээх үг нь Түрэг угсааны “морь уях” гэсэн утгатай үгнээс гаралтай. Утга нь “морь уях багана” боловч шүтлэгийн агуулга нь практик хэрэгцээнээс илүү өргөн, гүн утгатай юм. Сахачууд сэргэг гурван ертөнцийг холбосон ертөнцийн мод буюу дэлхийн тэнхлэгийг илэрхийлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дээд ертөнц (бурхад, сүнснүүд), дунд ертөнц (хүмүүс), доод ертөнц (хорон сүнс, үхэгсэд)-ийг холбосон босоо шугам буюу хүн ба огторгуй, газар ба тэнгэрийн холбоос гэж ойлгож, шүтдэг байна.


Сэргэ модон байгууламжийн дөрвөн зүгт татсан өнгөт туузыг туйэс гэх бөгөөд энэ нь залбирал, хүсэл мөрөөдөл, гэр бүлдээ аз жаргал, эрүүл энхийг хүссэн утгыг агуулна. Туузны тод өнгө нь нар, гэрэл, найдварын бэлгэдэл ажээ.


Сэргэ бол ердөө модон багана биш юм. Энэ бол түүхэн дурсамж, сэтгэлгээ, байгальтай холбоотой харилцах ухамсрыг агуулсан олон талт бэлгэдэл юм. 


Энэхүү сэргэ модон байгууламжийг дэлхийд 19 дэх, Монгол оронд хоёр дахь удаагийнх нь ажээ. Эхний сэргэ нь Тэрэлжид байдаг байна.