ӨМНӨГОВЬ: Мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-07 17:11:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж  мотоциклтэй хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болдог.  


Улмаар иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж мотоцикл жолоодох, унаж гэмтэх, даарч бээрэх зэргээс шалтгаалан зам тээврийн осол гарах, хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж аймгийн Засаг даргын А/1718 дугаар захирамж гарлаа.


Тус захирамжаар энэ оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо.  Энэ онд зам тээврийн ослын улмаас 30 хүний амь хохирч, 28 хүн хүнд бэртжээ. Хүний амь хохирсон зам тээврийн осол хэргийн 9 буюу 30.0 хувь, гэмтсэн хүмүүсийн 7 буюу 25.0 хувь нь мотоциклтэй замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжгүй оролцсонтой холбоотой зам тээврийн ослууд гарч байна. 


Иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган захирамжийн хэрэгжилтийг дэмжин оролцохыг аймгийн Цагдаагийн газраас уриалан сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ