СОЁЛЫН ЭЛЧ: Б.Нарандэлгэр: Хилийн чанад дахь монголчуудын дунд хос соёлыг хөгжүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-22 08:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан “хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлэгч, Монгол Улсын Соёлын элчээр 2021 онд томилогдсон Б.Нарандэлгэртэй ярилцлаа.


Түүний үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулан туурвисан уран бүтээл Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад хүрч буй юм. Тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 10 мянга гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчдийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгүүлсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.


-Монгол Улсын Соёлын Элчийн хувьд ямар ямар ажлыг эхлүүлээд байна. Ер нь манай улс Соёлын элч нарын талаар ямар бодлого дэмжлэг шаардлагатай гэж та үздэг вэ?

-Соёлын элчээр ажиллаад жил гаруй болж байна. Соёлын элчийн ажил үүргийг авч байх үед ковидын үе таарсан учир цахимаар соёлын бодлого, хөтөлбөрүүдээ ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн зун европ руу чиглэсэн соёлын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хилийн чанадад суугаа монгол гэр бүл, хүүхэд залууст соёлыг хөгжүүлэх талд, ялангуяа тухайн улсад суурьшиж олон жил амьдарч буй гэр бүлд монгол соёлын уламжлалыг орчин үетэй хослуулсан хэв шинжээр нь таниулан сурталчлах, өнөөдрийн сонирхож буй сонирхол дээр нь тулгуурлаж өв соёл өвлүүлэн уламжлуулах чиглэлээр соёлын бодлого явуулж байна.


-Европын хэчнээн оронд энэхүү хөтөлбөрөө таниулан сурталчлав?

-Өнгөрсөн 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл европын 6 улсын 14 хотоор нийт 1500 гаруй монгол гэр бүл, хүүхэд залуустай уулзсан. Ингэхдээ “workshop буюу хөөмий, хэл хуур, цуур хөгжмийг хэрхэн тоглодог талаар үүх түүхийг ярьж, орчин үетэй хэрхэн хосолж, хэрхэн хөгжиж буй талаар, орчин үеийн урлагтай хосолсноор ямар боломжтой талаар тайлбарлан таниулж тоглож үзүүлсэн. Мөн тухайн улсын иргэдэд танилцуулсан тоглолт хийсэн.


-Соёлын элч нарыг ер нь хэрхэн томилдог вэ. Соёлын элч нарыг томилсноор ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

-Соёлын элч бол соёл урлагийг ялангуяа хилийн чанадад сурталчлан таниулах гол үүрэгтэй. Мөн Монгол Улсаа олон улсад хэрхэн харуулах, таниулан сурталчлах вэ гэдэг үүрэгт ажил гэж хувьдаа үздэг. Монгол Улсын Соёлын элчээр томилогдсондоо баяртай байгаа.


-Монголын уламжлалт хөөмийн урлагийг орчин үеийн битбокс урлагтай хослуулан уран бүтээл хийж байгаа тань бас шинэлэг сонирхолтой байгаа. Ер нь энэ хоёр урлагийн чиглэлийг хослуулах санаа хэрхэн төрөв?

-Анх орчин цагийн битбокс урлагийг сонирхон судалж байхдаа дэлхийд монгол өв соёлыг хэрхэн сурталчлах вэ гэдэг сэдлээр сурч эхэлсэн. Түүнээс хойш олон улсын битбоксын тэмцээн уралдаанд оролцож байхдаа монгол хөөмийг хослуулбал сонирхолтой байх юм байна. Мөн дэлхийд хөгжиж буй битбокс буюу аман хөгжим, хүн хөгжмийн эх ундарга нь монгол хөөмийн урлаг юм гэдгийг сонирхож судалсны үндсэн дээр “хөөмийбит” гэж шинэ жанрыг гаргасан. Энэхүү жанр бол хөөмийлөнгөө орчин цагийн  битбокс урлагтай хослуулдаг шинэ төрлийн хэм хэмнэл буюу хөгжмийн урсгал байгаа юм.

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2005 онд хөөмийн үндсэн суурь болох хархираа төрлийг битбокс урлагийн хархираатай төстэй дуугаралтаар анх хичээллэсэн. Үүнийг илүү хөгжүүлэн хархираа битбокс буюу “хархираабит” шинэ төрлийг хийх сэдэл төрсөн л дөө. 2007 онд БНСУ-ын Пусан хотноо болсон дэлхийн 127 улсын оюутан залуусын чуулга уулзалт, урлагийн наадамд оролцон хархираатай битбокс, хэл хууртай битбокс үзүүлж гуравдугаар байр эзэлсэн. Үүнээсээ улбаалан дэлхийд ингэж явбал үнэлэгдэн олон залууст монгол соёлыг түгээх юм байна гэж урамшсан. Олон улсад трэнд үүсгэх, монгол брэндийг харуулах зорилгоор хөгжүүлсэн гэж болно.


-Дипломатч мэргэжилтэй хүний хувьд хөөмийн урлагийг хэрхэн өвлөн авав. Ер нь суралцахад хэцүү юу?

-Бүх л урлаг соёл урлаг, монгол өв уламжлал монгол хүний цусанд нь шингэсэн байдаг. Өвлөн уламжлах нь зөв ч олдмол байдлаар өвлөн уламжлах боломжтой гэж үздэг. Миний хувьд өвөг эцэг, аав ээжээсээ урлагийн боловсролыг өвлөн уламжлаагүй. Харин сонирхлоороо хөгжүүлэн, маш их цаг хугацааг зарцуулж практикаас сурсан. Одоо үүнийгээ олон гэр бүл, хүүхэд залуус болон хүүхдүүддээ уламжлуулахыг хичээж байна.

Хүн сонирхсон зүйлдээ дурлахад хэцүү биш. Хэцүү байсан ч түүнийг хэцүү гэж хардаггүй. Ямар нэгэн зүйлийг дурлаж хийнэ гэдэг зовлон бэрхшээл гэж бодолгүй сурах боломжтой. Миний хувьд хөөмийн урлагийг төгс эзэмшсэн гэж үздэггүй. Хөөмийн урлагийн зах хэсгээс нь суралцан илүү хөгжүүлэх гэж хичээж яваа уран бүтээлч. Үнэдснийхээ язгуур урлагийг инновацлаж, шинэчлэн найруулж уран бүтээлээ туурвиж явна. Соёлын элчийн хувьд хилийн чанадад байгаа монголчуудад хос соёлыг хөгжүүлэх, монгол эх ундаргаас үүссэн монгол хүний бахархал, үнэ цэнийг таниулсан ажлыг түлхүү хийхийг зорьж байна.


-Хөөмийн үүссэн түүхээс товч хэлж өгөөч, хөөмийг сайхан дуулдаг хүн л чаддаг юм уу, тухайлбал солгой хоолойтой хүн хөөмийлж сурах боломжтой юу?

-Ер нь хөөмийн урлаг бол байгалийн үзэгдлийг хүн сонсож, даган дууриаж өгүүлэх эрхтэнээрээ дуугарч байгаа зүйлийг хүн хөгжим гэдэг. Хархираа, исгэрээ, шахаа, нармай хөөмий гэж ангилдаг. Хөгжлийн явцдаа олон төрөлтэй болсон. Анхны үүсэл нь байгаль эх дэлхий, хүний шүтэлцээнээс үүссэн. Тухайлбал, хархираа хөөмий гэхэд их хэмжээний ус дээрээс доошоо урсах чимээг сонсоход хархираа шиг сонсогддог. Өндөр уулсаас урсаж буй  хүрхрээний чимээг даган дууриасан гэсэн үг юм. Исгэрээ хөөмий гэхэд хадан завсар салхи зүсэж исгэрч дууугарч байгааг даган дууриасан байх жишээтэй. Энэ нь хөгжлийн явцдаа илүү хөгжимлөг, нотлог болж ирсэн. Анх даган дууриахдаа байгалийн авиа зүйгээр хийж байсан бол одоо илүү хөгжимлөг, бүх л төрлийн дуу хөгжмийг хөөмийн эгшгээр эгшиглүүлэх боломжтой болсон.


-Хөөмийний урын сангийн тухай, хөөмий өөр аялгуутай байдаг уу эсвэл нэг өнгөн дээр нэг аян дээр хөөмийлөөд байдаг юм уу?

-Долоон өнгөн дээр хөөмийлдөг. Нэг өнгөн дээр сонсогдож байгаа нь шахааны өнгө юм. Хөөмий бол үндсэндээ амьсгаа болох шахааны урлаг. Өөрийн амьсгааг хоолойдоо шахаж, шахалтаараа өгүүлэхүйн эртхэнээс гарч буй нарийн өнгө нь исгэрээ, хөгжим дуугарч хархирч буй нь хархираа юм. Шахалт их ордог учир шахааны авиазүй их гардаг. Хөөмийчдөөс нийтлэг сонсогдож байгаа авиа нь шахаа юм. Энэ нь үндсэн суурь дуугаралт юм. Төгс хөөмийчдийн авиазүй нь алга болж, исгэрээгээр хөгжимдддөг мундаг хөөмийчид бий. Энэ нь хөгжлийн явцад гарч буй зүйл юм.


-Хөөмий гадны улсуудад байгаа. Дамаа монгол туургатнуудад хоорондоо онцлог ялгаа байдаг уу, сонирхолтой санагдаж байна?

-Тува, халх хөөмий гээд бий. Хөөмий дотроо олон төрөлтэй. Тухайн авиа, хөгжим, аясыг гаргахад аргачлал хэрэгтэй. Өсөж төрсөн орон зай, эх нутгийн байгалийн тогтцоос болж хувь хүнд сурсан мэдсэн зүйл, техник нь өөр байдаг. Европын зургаан улсаар явж байхад дуурь сонирхдог франц залуу сонирхлоороо хөөмий, исгэрээ хийж сурсан байсан. Содон, гайхалтай авиазүй гаргаж байна билээ. Нэг талаараа хөөмийтэй адил боловч гаргаж буй техник нь өөр байх жишээтэй. Тэгэхээр хөөмий гэдэг урлаг дэлхийд даяаршиж, маш олон улс орон ингэж хоолойгоороо дуугарч болдог гэдгийг дэлхий нийт мэдсэн байна. Харин хэрхэн хийхийг нь үндэс ундаргаасаа тусгаж аваагүй өөрөөрөө оролдож, янз бүрийн арга, техникээр дуугарч байгаа нь бас нэг төрлийн хөгжлийн хэлбэр юм болов уу. Улс орон бүр ийм байх гэсэн төсөөллөөрөө тоглож буй гадаад хүмүүс их бий. Монголд ундарга дээр нь ирж суръя, мэдье гэсэн уран бүтээлчид их байдаг.


-Уламжлан ирсэн учраас монголчууд, монгол туургатнууд илүү гайхамшигтай хөг аялгуутай хөөмийлдөг. Харин өөр улс орныхон сураад хөөмийлөхөд монголчуудад хүрэхгүй байгаа юм шиг санагдаад байдгийн учир нь вэ?

-Өвлөгдөн уламжлах техник гэж бий. Хүнээс хүнд дамждаг биет бус өв соёлын утга учир үүнд гарч ирдэг. Дуу шахалтаас гарч буй авиазүй, зөв шахалтаас гарч буй авиазүйн ялгаа өөр өөр байдаг. Хүчтэй, хүчгүй байх эсвэл хувь хүний хоолойны онцлог янз бүр. Хоолойны онцлогийг хүчээл зүтгэл, практикаар өөрчилж болдог. Монголын үндэсний өв соёл харийн орны хүнд түгээн дэлгэрч байгаа нь хайр энэрэл гэж бахархах сэтгэл төрдөг.


-Ер нь уламжлалт урлагаа дэлхийд гаргах, сурталчлахад заавал шинэчлэл хийх шаардлагатай гэж та үздэг үү. Гэхдээ тодорхой хэмжээний зааг байх ёстой байх тийм үү?

-Намайг анх хөөмийг хэл хуур, битбокс урлагтай хослуулж байхад мэргэжлийн хөөмийчдөөс “Монгол өв уламжлалыг эвдэх гэж байна. Энэ бол язгуураараа өвлөгдөн уламжлах ёстой” гэсэн эсэргүүцэл их ирдэг байсан. Энэ нь хоёр талтай. Ямар нэгэн урлаг хөгжихдөө зөв үү буруу юу гэдэгт гажуудал байгаа эсэхийг баримтлах ёстой. Язгуураа барьсан шинэчлэл байж чадвал зөв, язгуураа алдсан шинэчлэл байвал буруу гэж үзэж байна. Миний хувьд монгол язгуур урлагийг шинэчлэгдээсэй, өөрчлөгдөөсэй, илүү гоё болоосой гэсэн үүднээс уран бүтээлээ хийдэг. Монголын маш олон уран бүтээлч өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Язгуураа барина гэдэг бол өв тээгч нар, өвлүүлэн улмажлуулагч нарын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бөгөөд ялангуяа Соёлын элч нар зөв зүйлийг түгээн дэлгэрүүлэх нь маш чухал юм.


-2019 онд монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлсэн. Хөөмийг Геннист амжилттай бүртгүүлснээр ямар ач холбогдолтой гэж та үзэж байна? 

-2019 оны 10 дугаар сарын 30-нд гайхалтай, түүхэн өдөр болсон. Дэлхийн хөөмийн холбооны тэргүүн н.Хосбаяр ах санаачлан тухайн өдөр 1500 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, 1308 хөөмийч бүртгүүлсэн. Энэ нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд монгол угсаатан үндэстэн ийм олон хүн хөөмийлдөг юм, өвлөн уламжилж яваа гэдгийг харуулсан. Хөөмийг олон үндэстэн булаацалддаг асуудал бий. Тиймээс Монгол Улсаас хийх ёстой ажил байсныг н.Хосбаяр ах амжилттай хийж, маш олон хөөмийчийг нэгтгэж чадсан. Тухайн үед 1500 хөөмийчийг бүртгэж байхад найман настай балчраас 80 настай буурай хүртэл монголынхоо өв соёлын төлөө нэгдэж 21 аймгаас цугларч, хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн оюутан залуус, цэцэрлэгийн хүүхэд, ахмад буурай гэх мэт бүгд олон сарын сургалтад сууж, “Гиннес”-ийн амжилтад бүртгүүлсэн. Миний хувьд дэмжин оролцсон. Мөн хөөмийлөнгөө битбокс буюу "хөөмийбит" шинэ төрөл жанрыг эрсэн “Гиннес”-ийн шүүгч нарт таниулан сурталчилсан. Түүнчлэн өсвөр үеийн залууст хөөмийг орчин үед хослуулахад ийм боломжтой гэдгийг харуулан зааж сургасан. Мөн Ховд аймагт тусгайлан бассейнд, усан дотор хөөмийлөнгөө битбокс хийж Гиннесийн шүүгч нарт үзүүлсэн. Учир нь ямар нэг зүйл дархлаатай, хамгаалалттай байх ёстой. Хамгаалалт гэдэг нь 1500 хөөмийчийн тоог өөр улсын хувьд хэдэн ч удаа давтах боломжтой. Тоог давтлаа гэхэд хөөмийлөнгөө битбокс хийх хүн байна уу, цаашилбал усан дотор хөөмийлөөд битбокс хийх хүн байгаа юу гэдэг нь цаг хугацааны асуудал юм. Үүнийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан болов уу гэж үзэж байна. Үүн дээрээ ч бат зогсож ажиллаж байна. Усан дотор олон төрлийн шоу, тоглолтыг гадаадын орнуудад хийгээд явж байна.


-Залуус үндэсний язгуур соёлоос илүүтэй гаднын соёлд уусаад байна гэх шүүмжлэл дагуулдаг. Хөөмийг уг нь залуус их сонирхдог юм шиг санагддаг. Тэдэнд хөөмийг сурах ямар ямар боломж байна вэ, өөрөөр хэлбэл сургалтууд хэр байдаг вэ?

-Би дан хөөмий заадаггүй. Хөөмий, битбокс, хэл хуур, цуур зэрэг өөрийн сурч, судалж буй олон төрлийн хөгжмийг хэрхэн шинэчлэгдэж инновацлагдаж байгааг хүүхэд, залууст сурган хүмүүжүүлдэг. Үндсэн суурь хөгжим, хөөмий, орчин үед хэрхэн хослуулах, илүү хөгжүүлэх талаар хөөмийн мэргэжлийн багш нартай хамтран цогц хөтөлбөрөөр явуулдаг. Ковидын үед хөөмийн сургалтыг онлайнаар явуулахад хөөмийчид их эсэргүүцсэн. Учир нь хөөмий хүнээс хүнд дамжих ёстой, танхимаар заах ёстой хэмээн шүүмжилсэн. Гэхдээ энэ нь дэвшил буюу шинэчлэл байж чадсан. Ирээдүйд хүмүүст маш том боломжийг нээсэн. Одоо олон улсад онлайнаар хичээл зааж байна. Энэ бол тухайн үед шүүмжлүүлж байсны гавьяа гэж үзэж байна. Би 2019-2021 онд “Үндэсний өв соёлын үнэ цэн” тайлбар төслөө 21 аймаг, 330 сумаар хэрэгжүүлэхээр Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран явуулж байхад 8 аймаг, 3 сумаар явж байтал ковид гарч хөл хорио тогтоосноор зогссон. Тэгэхээр нь цахимаар өв соёлын сургалтаа хүргэе хэмээн пост оруулахад тухайн үед 36 улсаас гадны иргэд, тухайн улсаас монгол хүүхэд, залуус олноор орж ирсэн. Нэг талаасаа ковид бидэнд олон боломжийг нээсэн, нөгөө талаасаа олон боломжийг хаасан гэж болно. Миний хувьд эерэг талыг нь харсан, олон гарцыг нээсэн. Тухайлбал, европоор явж байхад ирж оролцсон хүмүүс өмнө нь намайг онлайнаар харж, үзэж, сургалтад сурч байсан хүмүүс байлаа. ХБНГУ-ын Берлин хотноо Олон улсын хэл хуурчдын их наадам өнгөрсөн 7 дугаар сарын 27-31-нд болсон юм. Тэрхүү наадамд 30 улсын 100 шилдэг уран бүтээлч оролцсоноос Монгол Улсаас албан ёсоор уригдан тоглосон. Тэгэхэд 2019-2021 онд хийж байсан хэл хууртай хичээлийг маань үзэн, битбокстой хослуулж хийсэн гээд хөгжимчин хүртэл ирсэн байсан. Тэгэхээр бид гэртээ зүгээр суугаад байх биш онлайнаар ч гэсэн өөрийн хийх гэж буй зүйлийг хүргэх юм бол олон хүнд хүлээж авдаг гэдэг ойлголтод хүрсэн. Түүнчлэн Швейцарийн ЭСЯ-тай хамтран 11 дүгээр сард монгол сургуулийн сурагчдад нээлттэй хичээл хийхээр төлөвлөөд байна.


-Ер нь цаашдаа Соёлын элчийн хувьд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Соёлын элчийн хувьд соёл урлагаа түгээх боломжид тулгуурлан олон улс, олон залууст соёлын үр тарихыг хүсэж байна. Энэ удаа Азийн орнуудаар явж эхэлнэ. 11 дүгээр сард БНСУ, 12 дугаар сард Япон, Тайвань, ирэх онд Австрали, Америк гээд явна. Хийх ажил маш их байна. Соёлын бодлогоос гадна хилийн чанад дахь монгол гэр бүл, хүүхэд залууст монголоо гэсэн сэтгэлийг суулгаж өгөх нь чухал байна. Хилийн чанадад 220 мянга гаруй монгол иргэн амьдарч буй. Тэднийг монголоо гэсэн тэмүүлсэн сэтгэлийг бий болгох, хүүхэд залууст монгол өв соёлыг өвлүүлэх үрийг нь тарих том зорилттой байна. Зөвхөн хөөмий гэлтгүй монголын өв соёл, урлагийг цогц хэлбэрээр хүргэхээр зорьж байна. 









Холбоотой мэдээ