Төр, хувийн түншлэлийг тодорхой сектороор хзягаарлахгүйгээр дэд бүтцийн бүх төслийг хамруулах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр МҮХАҮТ-д боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яам, ЭЗХЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдэд хуулийн төслүүдийг танилцуулж, санал авав. Оролцсон хувийн хэвшлийн зарим төлөөллийн саналыг хүргэе.
“Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн, тендерт бага үнэ биш, чанартай бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээг эх үүсвэр болгохоор тусгаж байгаа нь сайн хэрэг. Төр өнгөрсөн 30 жилийн хугацаанд тендер шалгаруулахдаа зөвхөн бага үнийн дүнг харгалзаад, чанарын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн авч ирсэн. Ингэснээр чанарыг орхигдуулж, бидний худалдах гээд байсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжээгүй. Одоо харин хуулийн шинэчилсэн төсөлд энэ бүхнийг цэгцэлж буйг хувийн хэвшлийнхэн алга ташин хүлээн авах учиртай.
Монголын төр, засаг зөв үйл ажиллгаандаа орж байна. Цаашлаад гадаадаас, Монголд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг импортоор авахын оронд эх орондоо хийж бүтээдэг боломжийг бизнес эрхлэгч нартаа олгох үндсэн эх үүсвэрийг энэ хуулийн төсөл хэмээн хүлээн авч байгаа.
Үндэсний компани, ААН-үүд юу хийж чаддагийг харуулсан төрийн мэдээллийн сантай болох гэж буйд талархаж байна. Ингэснээр бид ч баахан цаас бүрдүүлж, өөрсдийгөө, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах шаардлагагүй болж байна. Төр нь ч хүнд суртал гаргаж цаг хугацаа алдах, илүү дутуу зардал гаргах хэрэггүй болно.
Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс, аль аль хуулийн төсөлд төр, засгийн болон нөгөө талаас ААН-үүдийн үйл ажилллагаа, мэдээллийг цахимжуулж хүний оролцоог халж, илүү шилэн, ид тод болгож байгаа нь сайн. Өнгөрсөн туршлагаасаа суралцаад алдаагаа залруулж байна.
Төр, хувийн хэвшлийн хуульд харин хэрэгжүүлэх төслүүд нь нийгмийн дэд бүтэц болон төрийн үйлчилгээгээр хязгаарлагдаж байна. Нэгэнтээ түншлэл л юм бол хуулийн үзэл баримтлалыг илүү өргөн хүрээнд, алсыг харсан байдлаар авч үзэн улс орноо хөгжүүлэх шаардлагатай төслүүдэд харилцан ашигтай ажиллах ёстой юм.
Тэгэхгүйгээр төр нэг төсөл сонгоод түүндээ хувийнхнийг ор гээд шахаж шаардаад байх нь зохисгүй, нөгөө төсөл нь ашиггүй байвал яах юм. Төр хувийнхнаар ажил гүйцэтгүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд баталгаагаа яаж гаргах юм зэрэг зүйлийг илүү нарийн, тодорхой тусгаж заах хэрэгтэй байна. Нэг ёсондоо төр, хувийн хэвшлийн түншлэлийг тодорхой сектороор хязгаарлахгүйгээр дэд бүтцийн бүх салбарын төслийг хамруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Ц.Цэрэнпунцаг, "Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсанаар ТХХТ-ийн оновчтой, зөв
бодлогыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ. Цаашид “барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай концессын
төслийг хэрэгжүүлэхгүй, урт хугацаанд үргэлжлэх, тогтвортой, харилцан ашигтай
төслүүдэд ТХХТ-ийг хэрэгжүүлэхийг зорьж байна" гэв.
Түүнчлэн төрийн байгууллага өөрсдөө явцуу зорилготой байх ёсгүй. Жишээ нь, хуулийн төсөлд тусгаад буй Төр, хувийн хэвшлийн сан болон мэдээллийн төв байгуулахад хувийн хэвшлийн оролцоог хангах хэрэгтэй. Тэгэхгүйгээр тэдгээрийг зөвхөн асуудлыг хариуцсан яам, агентлаг нь байгуулж, төрийн өмчит үйлдвэрийн газар бий болгоно гэвэл учир дутагдалтай, өрөөсгөл зүйл болно.
ТӨҮГ-ууд авлига, хээл хахуульд идэгдэж, цаанаа ашиг сонирхолын зөрчилтэй явж ирснийг бид бүгд сайн мэдэж байгаа. Дахиад ийм байдал бий болгохоос сэргийлэх учиртай. Тэрний оронд шинжээч, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан, давхар хяналттай Зөвлөл маягийн юм байгуулж, хийх хэрэгтэй байна гэв.
“Тулгуур стандарт” ХХК-ийн захирал Д.Ариунжаргал, “Тавантолгой түлш” ХХК-д бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийн дагуу ажлаа дуусгасан боловч, санхүүжилтээ авч чадахгүй байна. Тус компанийн удирдлага өөрчлөгдсөн учраас санхүүжилт байхгүй гэсэн хариултыг өгч байна. Санхүүжилтээ авч чадахгүй байгаа энэ хоёр сарын хугацааны зардал, алдагдсан боломжийг хэн хариуцах вэ? Хариуцлагын механизм байхгүй байна.
“Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батжаргал, хуульд гэрээ шууд байгуулж болно, болохгүй гэсэн хоёрдмол утга байгааг залруулж, гэрээ шууд байгуулах нөхцөлийг тодорхой тусгах, нээлттэй тендер шалгаруулалтын хугацааг богиносгох, харьцуулалтын бичиг баримтыг өмнө байснаас нэмэгдүүлж, 50-60 хуудастай болгосныг эргэн хармаар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил
үйлчилгээ худалдан авах хуулийг сайн хууль гэж үздэг. Харин олон нийтийн дунд тааруу ойлголттой байдаг учраас хуулийг нийтэд
танилцуулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй.
“Барилгын зөвлөх үйлчилгээ” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар, техникийн тодорхойлолтыг боловсруулах талаар А3 сертификат олгох сургалтын хөтөлбөрт багтаах, эсхүл техникийн тодорхойлолтоо мэргэжлийн байгууллагад хянуулах талын зохицуулалтыг тодорхой зааж өгмөөр байна. Захиалагч нь юу хийлгэх гээд байгаагаа техникийн тодорхойлолт дээрээ тодорхой тусгаагүйгээс шалтгаалж, маргаан үүсдэг.
Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, үнийн
тохируулга хийхгүй гэсэн заалтыг өөрчилж, үнийн тохируулга хийх нөхцөлийг
хуулиар тодорхой зохицуулах хэрэгтэй. Гэрээ хоёр талын эрх ашгийг хамгаалсан
байх ёстой. Тендерийг хэзээ
нээж, хянах, маргах бүх хугацааг
нарийн төлөвлөсөн ч гэрээ хэд хоногт байгуулах, санхүүжилтээ хэзээ шилжүүлэх нь орхигдсон. Тендерт амжилттай шалгарлаа гэдэг ч санхүүжилтийг шийдэхгүй уддаг.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ Т.Санчир, барилгын салбар улирлын чанартай, хурдтай ажлаа эхлэх ёстой байдаг. Тендерт 30 хувийн зээлжих эрхтэй оролцож, банкнаас зээлжих эрхээ авдаг ч бодит байдалд гэрээ байгуулах эрх авсны дараа банк дахин судалдаг. Үүнд их хугацаа алддаг.
Шалгуур нөхцөлүүдээ бүрэн хангаад, шалгарч байгаа учраас барилгын ажлын тендерийн санхүүжилтийн тодорхой хувийг урьдчилгаа байдлаар шилжүүлвэл ажил хурдан эхлэх боломж бүрдэнэ. Бид тендерт оролцохдоо тендерийн, гүйцэтгэлийн болон чанарын гээд төрөл бүрийн баталгаа банканд байршуулдаг. Ажлаа явуулахын тулд банкнаас хүүтэй зээл авдаг. Үүний оронд тухайн ажлаа даатгуулаад, баталгаагаа даатгал хэлбэрээр шийдэх санал байна.
Уулзалтад
оролцогч бизнес эрхлэгчдийн зүгээс түүнчлэн:
- Дотооддоо
үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах,
- Үнэ,
инфляцын өсөлттэй уялдуулан гэрээний үнийн дүнд тохируулга хийх,
- Гэрээ
байгуулсны дараа тодорхой хувийн урьдчилгааг шилжүүлэх,
- Төрийн
байгууллагын эрх, гүйцэтгэгч компанийн үүргийг илүү тодотгосон гэрээг өөрчилж,
гэрээний талуудын эрх ашгийг хангах,
- Гэрээний
дагуу гүйцэтгэл дууссан ч санхүүжилт хугацаандаа ордоггүйгээс шалтгаалж
бизнесийн байгууллага эрсдэл үүрдэг тул гэрээний гүйцэтгэлийн дагуу
санхүүжилтийг хугацаа алдахгүй олгодог байх, санхүүжилтийн хуваарийг гэрээндээ
тусгах,
- Харьцуулалтын
бичиг баримтыг цөөлөх,
- Тендерийн
баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын
байгууллагаар хангуулахтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх,
- Ямар
тохиолдол шууд гэрээ байгуулах, ямар тохиолдолд түргэвчилсэн байдлаар тендер
шалгаруулалтыг явуулах талаар хуульд тодорхой тусгах,
- Үнэлгээний
хорооны гишүүдийг хариуцлагажуулах зэрэг санал илэрхийллээ.