АРХАНГАЙ: Хууль бусаар мод бэлтгэсэн иргэд 300 ширхэг мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-26 10:33:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас БОАЖГ-тай хамтран Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.6-р зүйл буюу хууль бусаар мод бэлтгэх зүйл ангиар шүүхээр ял шийтгүүлсэн этгээдүүдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах сэдлийг төрүүлэх зорилгоор нөлөөллийн ажил хийжээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд модны экологийн ач холбогдол, мод тарих заавар зөвлөгөө, ургах үйл явцын талаар сургалт хийсэн байна.


Сургалтад суусны дараа тэд “Тайрах биш тарьцгаая” уриалгыг гаргаж, Булган уулын урд энгэрт 150 ширхэг шар хуайс, 150 ширхэг хайлаас мод тарьжээ. Арчилгаа, усалгаагаа ч өөрсдөө хариуцан ургуулах аж. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэхгүй гэдгээ ч хэлж байлаа.


Архангай аймгийн хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх зүйл ангиар шүүхээр ял шийтгүүлсэн 18-40 насны 30 гаруй этгээд байдаг байна. Аймгийн төв Эрдэнэбулган суманд 10 нь, бусад нь сумдад байдаг аж. Тэдгээр хүмүүс ч харьяа орон нутагтаа мод тарьжээ. Хууль бусаар мод бэлтгэсэн эдгээр хүмүүс 1-600 ширхэг мод тайрсан байна. 

Холбоотой мэдээ